Монголбанк болон арилжааны банкны санхүүжилтийн хүрээнд 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хооронд 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 1362 өрхөд олгосон байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээр 974 иргэнд, 62.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон бол бусад арилжааны банкны эх үүсвэрийн санхүүжилтээр 388 иргэнд 37.2 тэрбум төгрөг олгожээ. Түүнчлэн коронавируст цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэсэн аж. Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 22-ны байдлаар нийт 53 180 зээлдэгч хүсэлт гаргаснаас 52 384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг бүрэн шийдвэрлэж, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна. Банкууд нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал иргэдээс ипотекийн зээлийг хойшлуулах талаар хүсэлтийг цахимаар хүлээн авч буй юм.