Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх өнөөдөрхөн 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэд тамгыг нь гардууллаа. У.Хүрэлсүх энэ үеэр "Улс төрийн шинэ соёл бий болгож, Монголын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт итгэж байна" хэмээлээ. Харин тамгаа гардсан Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд итгэл алдахгүйн төлөө хичээж ажиллахаа илэрхийлэв. Үүний дараа шинэ Ерөнхий сайд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэхийн сацуу "Цар тахал, цас зуд нүүрлэсэн амаргүй цаг үеийг даван туулах, шийдэл хүлээсэн томоохон асуудлуудыг хугацаа алдалгүй, амжилттай хэрэгжүүлэх, шаардлага тулгарч байгааг тэмдэглээд, шударга ёс, хуулийн засаглал тогтоох, ард түмнээ дээдэлж, улсынхаа нийгэм, эдийн засгийг сэргээн хөгжүүлэх эрхэм хэрэгтээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе" гэв.