УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг батлах асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр цар тахалтай үед Засгийн газрын бүтэц, орон тоог тогтвортой хэвээр байлгана. Харин ирэх намраас хоёр яамыг шинээр байгуулна гэж мэдэгдлээ. Тэрбээр, “Нэгдүгээрт, Эдийн засаг хөгжлийн яам байгуулах бодолтой байна. Томоохон төслүүдтэй холбоотой, гаднаас хөрөнгө босгох, гаднын хөрөнгө оруулалтыг шууд дэмжихтэй холбоотой эдийн засгийн харилцааг уг яам авч явах юм. Нэг үгээр эдийн засгийн бодлогоо урт хугацаагаар тодорхойлж, гаргасан хөтөлбөрийн дагуу Сангийн яам санхүүжүүлдэг байх тогтолцоо руу шилжинэ. Хоёрдугаарт, Цахим хөгжлийн яамыг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Уг яамыг байгуулснаар төрийн албаны данхайсан бүтцийг 30-35 хувиар цомхотгох боломж бүрдэнэ. Асар их хэмжээний цаас хэмнэнэ. Төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлэх зорилтыг ирэх гурван жилд тавина. Ямар нэгэн байдлаар төрийн үйлчилгээг төвлөрүүлээгүй бол Ерөнхий сайдын хувиар авлигатай тэмцэх тэмцэлд хувь нэмэр оруулаагүй гэж үзэх болно. Ингэж байж төрийн нугалаа, хүнд суртал алга болно” хэмээн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилтын талаараа мэдээлэл өгөв.