Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр дуучин Б.Амархүүг хугацаанаас нь өмнө суллах, эсэхийг шийдвэрлэх шүүх хурал боллоо. Тэрбээр 2019 оны есдүгээр сарын 18, 19-нд Хан-Уул дүүргийн нутагт байрлах гэртээ болон автомашиндаа мансууруулах төрлийн бодис хадгалсан, Төв аймгийн нутгаас түүж бэлтгэсэн хэрэгт холбогдсон юм. Түүнд холбогдох хэргийг тус дүүргийн шүүх мөн оны аравдугаар сарын 29-нд хэлэлцээд хоёр жилийн хорих ял эдлүүлэхээр болсон билээ. Өөрөөр хэлбэл Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт зааснаар хоёр жил хорих ял шийтгэж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаан, шүүгдэгчийг сулласан. Харин Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэн хоёр жил хорих ялыг нь эдлүүлэхээр болж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгосон. Улмаар батлан даалтад байсан Б.Амархүүгийн хорих ялыг нь ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид эдлүүлэхээр хуваарилсан байдаг.
Тэгвэл хорих анги болон НПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Амархүүгийн ял эдэлсэн жил гаруйн хугацаан дээр шагналын хоног зэргийг нь нэмээд, засрал хүмүүжлийг олсон гэж үзэн хугацаанаас нь өмнө тэнсэн суллах санал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын эхээр хүргүүлсэн аж. Харин тус шүүхийн шүүгч захирамж гаргаж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллахаас татгалзсан байна. Үүнийг НПГ-ын дээрх хэлтсийн хяналтын прокурор эсэргүүцэн дээд шатны шүүхэд хандсан бөгөөд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгчийн захирамжийг хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаажээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон