Төв банкнаас арилжааны “Капитал” банканд эрх хүлээн авагч томилж, татан буулгаснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Улмаар тус банкны удирдах албаны нэг бус ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн хууль сахиулах байгууллагад шалгаж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор улстөрч, төрийн өндөр албан тушаал хашиж байсан цөөнгүй хүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн байцааж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл арилжааны банкны гол хувьцаа эзэмшигч “Бишрэлт холдинг” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга А.Ариунболд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Монголбанкны ерөнхийлөгчийн баталсан тушаалууд хууль бус болохыг тогтоолгохоор хандсан байна. Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны долдугаар сарын 23-нд гаргасан “Капитал” банканд авах урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний”, 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны тус банкийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон хяналт шалгалтын дүгнэлтийг батлах, “Капитал банк” ХХК-ийн банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, албадан татан буулгах, эрх хүлээн авагч томилох тухай тушаалууд, тэдгээрийг дагалдан гарсан зөвлөмжүүдийг хүчингүй болгуулах, Монголбанкны захирамжилсан үйл ажиллагаа буюу эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Төв банкны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан бодит хохирол 167.6 тэрбум гаруй төгрөгийг гаргуулах нэхэмжлэл бичсэн юм байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг анхан шатны журмаар өнгөрсөн есдүгээр сард хэлэлцээд уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон аж. Уг шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эсэргүүцэж, Улсын дээд шүүхэд давж заалдсаныг уржигдар Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангалгүй орхижээ.
Бэлтгэсэн: Д.Дайчин