Хөдөөгийн иргэд хот суурин бараадаж, Монгол орны өнцөг булан бүрт эзэнгүй, хүнгүй газар элбэгшсэн. Хүн, мал холхихоо больсон ийм нутгийг эзгүйчлэн газрын хэвлийг хэн дуртай нь онгичиж, баялгийг нь авч, хөрс, ус бохирдуулж, ой мод сүйтгэчихээд хээвнэг алга болох тохиолдол өнгөрсөн жилүүдэд олон байлаа. Монголчууд ийнхүү байгаль эх рүүгээ дайрч, алтыг нь аваад авдрыг нь сүйтгэж орхих болсон шалтгаан нь ажилгүйдэл, ядуурал, төр, засгаас хяналтгүй шахам хэрэгжүүлсэн “Алт” хөтөлбөртэй салшгүй холбоотой. Хэн дуртай нь байгаль руугаа халдаж чулуу, мод, ан амьтан, алт гээд тааралдсан болгоноо сүйтгэж буйн уршгаар Монгол оронд цөлжилт эрчимжиж, экологи доройтох болсныг иргэд ч, төр засаг ч сайн мэдэж байгаа. Алт ухаад, амьтан агнаад, мод огтлоод баяждаггүй гэдгийг өвөг дээдэс ч сануулж, өнөөгийн бид ч бодит амьдралд харсаар буй билээ. Уг нь байгаль орчинд хор хохирол учруулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт хуульд бий. Байгаль орчинд хор хохирол учруулсан олон хэргийг өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хуулийн холбогдох заалтыг үндэслэн цагдаагийн байгууллагад шалгасан ч шүүх, прокурорын шатанд очоод замхран, экологид учруулсан хохирлыг нь ч төлүүлэлгүй, байгалиа ч нөхөн сэргээлгэлгүй, хариуцлага хүлээх ёстой хүмүүс ч нь уснаас хуурай гарсаар байсан. Үүнийг батлах бодит жишээ олон бий. Тухайлбал, “Монгол газар”, “Эрэл”, “Алтан дорнод Монгол”-оос эхлээд “Шинь шинь”, “Баян айраг”-аар дараалуулаад томоохонд тооцогдох компаниудын удирдлага, гар аргаар алт олборлодог “нинжа” нэртнүүд, олонд танигдаагүй жижиг аж ахуйн нэгжүүд экологид хохирол учруулсан хэрэгт холбогддог ч хариуцлага хүлээсэн нь цөөн.
Харин Монгол Улсын Засгийн газраас хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд хэд хэдэн дорвитой арга хэмжээ зохион байгуулж, Сэлэнгэ, Архангайд “бугшсан” алт олборлогчдыг тарааж, нөхөн сэргээлт нэрээр байгаль орчныг доройтуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай хариуцлага тооцохоор газар дээр нь ажилласныг уншигчид санаж буй нь лавтай. Түүгээр зогсохгүй Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын мөн оны А/09 дүгээр тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд дээрх чиглэлээр ажиллах Экологийн цагдаагийн алба байгуулсан нь ч байгаль орчинд хор, хохирол учруулагсдын эмээх нэг газар болсон. Албан тушаалтнууд АТГ-ынхнаас эмээдэг шиг уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгжийнхэн дээрх албаныхнаас айдаг болсон гэхэд хилсдэхгүй.
УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТЫН УЛМААС 21 757 ГА ТАЛБАЙ ЭВДЭРЧЭЭ
ЦЕГ-ын бүтцэд шинээр бий болсон Экологийн цагдаагийн албаныхан өнгөрсөн онд БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ-тай хамтран “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. 2020 оны долдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 15-ны хооронд явуулсан эл ажлын хүрээнд тэргүүн ээлжид уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн талбайн хэмжээг тогтоох, нөхөн сэргээлтийн ажлаа зохих журмын дагуу гүйцэтгээгүй иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжийнхнийг олж тогтоох, хариуцлага хүлээлгэх байсан. Үүний хүрээнд улсын хэмжээнд 30 790 га талбай эвдэрснээс уул уурхайн олборлолтын улмаас 21 757 га нь сүйдсэнийг тогтоосон байгаа юм. Гар аргаар алт олборлогчдын хувь нэмэр энд багагүй. Тэд 1634 га талбайг ухаж төнхөн алтыг нь аваад хөрсийг нь эргүүлэн цооног, жалга, цүнхээл үүсгээд орхисон байв.Уул уурхайг зүй зохисгүй ашигласны улмаас хамгийн их газар нутаг нь сүйдсэн аймаг бол Өмнөговь аж. Тус аймагт 7730.7 га талбай эвдэрчээ. Үүний 94.5 га нь “нинжа” нарын балгаар үүссэн гэнэ. Мөн хэн ухаж, сүйтгэсэн нь тодорхойгүй 446 га талбай бийг дээрх арга хэмжээний хүрээнд тогтоов. Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн талбайн хэмжээгээрээ Сэлэнгэ аймаг удаалж буй юм. Тэнд 3723 га талбайг алт олборлогчид сүйтгэсний 1721 нь эзэнгүй орхигдсон байж. Тухайлбал, тус аймгийн Мандал, Ерөө сумын нутагт ийм газар маш их гэдгийг шалгалтаар явсан ажлын хэсгийнхэн өгүүллээ.
Ингээд тоочоод байвал 21 аймгийн нутагт харилцан адилгүй, янз бүрийн хэмжээтэй талбайг ашигт малтмал олборлох явцдаа эвдэн сүйтгэсэн байгаа юм. Булганд 1122.9 га талбай уул уурхайн олборлолтын нөлөөгөөр бий болсон байхад Дорнодод 1447.11 га байх жишээтэй. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, дайрга, элс олборлосны улмаас 2024.4 га газар өртсөн аж.
“Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хойш Эрүүгийн хуулийн 24.2-т заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн шинжтэй 181 гомдол, мэдээлэл шалгасан байна. Эдгээрээс 100-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн байцаасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41 хэргээр буюу 69.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Дээрх арга хэмжээг явуулж байх хугацаанд Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Өмнөговь, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Увс, Завхан аймгийн нутаг дэвсгэрт орших алтны илэрцтэй 17, жонштой хоёр газарт 12 000 орчим нинжа 39 удаа дайран орж, ашигт малтмал олборлон эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлыг хүндрүүлсэн аж. Хууль сахиулагчид тэдний үйлдлийг таслан зогсоож, гэмт хэргийн шинжтэй 52, зөрчлийн 91 хэрэгт холбогдуулан шалгасан байна. Үүнээс зургаан хэрэг шүүхээр шийдвэрлүүлж, гэм буруутай хүмүүст хариуцлага тооцуулжээ.
НӨХӨН СЭРГЭЭЛТЭЭ ХУУЛИЙН ДАГУУ ХИЙГЭЭГҮЙ 11 АЖ АХУЙН НЭГЖИЙН АЛБАН ТУШААЛТНЫГ ШАЛГАЖ БАЙНА
“Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн албаныхан олон хэрэг, зөрчил илрүүлсэн талаар дээр өгүүлсэн. Тус албаныхан алтны илэрц ихтэй, нинжа нар төдийгүй аж ахуйн нэгжийнхэн олноор үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Дорноговь аймгийн нутагт 10 удаа хяналт шалгалт явуулсан аж. Улмаар Эрүүгийн хуулийн 24.2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайж, ашиглан, олборлосон нэлээд хэрэг илрүүлсний дотор нөхөн сэргээлт зохих журмын дагуу хийгээгүй 11 аж ахуйн нэгж байгааг тогтоон шалгаж буй юм. Тухайлбал, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Монполимет” ХХК-ийнхан 450 га талбайд зохих журмын дагуу нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас экологид 4.7 тэрбум гаруй төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм билээ. Мөрдөн шалгах ажиллагаа нь хараахан дуусаагүй учраас хууль сахиулагчид тус компанийнхантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ илэрхийлснийг ташрамд дурдъя. Энэ мэтээр нөхөн сэргээлт хийгээгүй компанийнхныг олж тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, байгаль орчныг сэргээх ажлыг цаашид ч хэрэгжүүлэхээр болоод байна. Өөрөөр хэлбэл, “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний үргэлжлэл болгож 2024 он хүртэл хэрэгжүүлэх, ижил нэртэй нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар он солигдохын өмнөхөн буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 30-нд баталсан юм. “Нөхөн сэргээлт-2024”-ийн хүрээнд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.8 дахь хэсэгт заасан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх” ажлыг удирдлага болгон Экологийн цагдаагийн албаныхан ажлаа эрчимжүүлэх юм билээ. Тэгэхээр тус албаныхан уул уурхайн үйл ажиллагаа явуулж алтыг нь авчихаад хөрсийг нь эргүүлсэн талбайгаа нөхөн сэргээгээгүй аж ахуйн нэгжийн удирдлагатай дор хаяж гурван жилийн хугацаанд “чаргууцалдана” гэсэн үг. Уг нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд Ашигт малтмалын, Байгаль орчныг хамгаалах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Эрүүгийн гээд олон хууль, тогтоомжийн хүрээнд ажиллаж, нөхөн сэргээлтэд зориулж улс, орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө шилжүүлдэг. Харамсалтай нь, алтаа ухчихаад ашиг олж байвал нөхөн сэргээлтэд зориулж, төрд өгсөн мөнгө нь нэг их ач холбогдолгүй байдгаас л сэндийчсэн газраа тэр чигээр нь орхиод усанд хаясан чулуу мэт алга болохыг илүүд үздэг бололтой. “Нөхөн сэргээлт-2024” арга хэмжээ бол тийм бодол тээж буй аж ахуйн нэгжийн удирдлагын санаархлыг ойрын гурван жилдээ, цаашлаад нэлээд олон жил тас цохих биз ээ.
Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн зун зохион байгуулсан “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд эвдэрсэн 30 790 га талбайн 3148-д нь биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийлгэсэн байна. Уг ажилд улс, орон нутгийн төсвийн 873.5 сая төгрөгөөр 200 гаруй, тусгай зөвшөөрөлтэй 257 аж ахуйн нэгжийн 7.5 тэрбумаар 2989 га талбайг нөхөн сэргээжээ. Энэ бүгд цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчин, уул уурхайн салбарынхны хяналт дор явуулсан ажлын тоон мэдээлэл аж. Тэгэхээр цаашид ч төрийн захиргааны эдгээр байгууллага байгаль орчныг нөхөн сэргээх ажилд тавих хяналтаа чангатгаж, зугтсан, худал дүр эсгэсэн компанийнханд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсээр байх нь.
Бэлтгэсэн: Г.Равжаа