Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд (2021.01.22) яг одоо УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох гомдлыг хэлэлцэж байна. Нэгдүгээр сарын 8-нд Дээд шүүх Н.Номтойбаяр нарын гомдлыг хэлэлцсэн боловч шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлснээр шүүх хурлыг болгон хойшлуулсан юм. Улсын дээд шүүхээс шүүх хурлын эхлэл, төгсгөлд сэтгүүлчдийг оролцуулж буй. Энэ удаа өмгөөлөгч, прокурор, оролцогчдын зүгээр ямар нэг гомдол санал гаргасангүй, хурал үргэлжилж байна. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан хэмээн Н.Номтойбаярыг буруутгасан. Улмаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Н.Баттөгс зэрэг хүмүүс Н.Номтойбаярын үгээр орж, төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт холбогдсон. Шүүхээс Н.Номтойбаярыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон. Б.Нямдаваад нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж гурав, Б.Шижиржаргалд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж дөрөв жилийн ял оноосон. Мөн Н.Баттөгст нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж, 15 сая төгрөгөөр торгож, мөн ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэр гаргаж байсан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан есдүгээр сарын 8-нд болж, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт оноосон 15 сая төгрөгөөр торгох ялыг 10 сая болгон хөнгөрүүлж, бусад хүний ялыг хэвээр баталсан. Н.Номтойбаяр нарын өмгөөлөгчдын хүсэлтээр Дээд шүүхэд дээрх хэргийг хянан хэлэлцэж байна. Шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийг unuudur.mn эргэн мэдээлэх болно.