Есөн настай дагавар охиноо хөнөөсөн М.Баттулгад холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцлээ. Шүүгдэгч М.Баттулга нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бяцхан охиныг удаа дараа хэрцгийгээр зодсон гэх мэдээлэл хавтаст хэрэгт авагдсан гэнэ. Шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч М.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1- 2.7, 2.8 дахь заалтад тус тус зааснаар 18 жил, мөн хуулийн 11.7-2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, зүйл ангийг журамлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоолоо. Уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-2 дахь хэсэг /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, мөн хуулийн 10.1-2.7 /Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж алсан/, 2.8 дахь заалт /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан/, мөн хуулийн 11.4-2.1 дэх заалт /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, мөн хуулийн 11.7-2 дахь хэсгийн 2.1 дэх заалт /Хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн/-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн билээ.