Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ажлын хэсэг гарч, харьяа агентлаг болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаанд шалгалт хийж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар шалгалт уржигдраас эхэлж, өчигдөр ч үргэлжилсэн гэнэ. Гол нь тус газрын санхүү, хөрөнгө оруулалт, тендерийн сонгон шалгаруулалтыг нягталж буй аж. Тухайлбал, олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгслээр “2020 оны арванхоёрдугаар сарын 16-нд “Монбаг” компаниас туулах чадвар сайтай, дизель хөдөлгүүртэй, 2014 онд үйлдвэрлэсэн “Ландкруйзер-200” автомашиныг 179.5 сая, 2016 оны “Лексус-570”-ыг 179.8 сая, нийт 359.3 сая төгрөгөөр худалдан авсан. 2014 онд үйлдвэрлэсэн “Ландкруйзер-200”-гийн зах зээлийн ханш 87 сая төгрөг байгаа юм. Нийлээд дунджаар 266 сая төгрөг болох байтал ШШГЕГ-ынхан 92.5 сая төгрөгийг хэмнэж гамналгүй үрэлгэн зарцуулжээ” гэж нийтэлсэн нь ийнхүү шалгах нэг үндэслэл болсон байна. Түүнчлэн анги байгууллагуудаас ялтан оргосон, зарим алба хаагчдад хугацаанаас өмнө цэргийн цол олгосон асуудлыг ч нягталж буй аж. Энэ шалгалтын дүндээ үндэслээд албан тушаалтнуудыг цаашид АТГ зэрэг байгууллагаар шалгуулах, эсэхийг шийдвэрлэх гэнэ.
Г.Равжаа