Эрүүгийн хэрэгт холбогдож, элэг нэгтнүүд, улс үндэстнээ хохироосон иргэд эх орноосоо зугтаж, харийн нутагт толгой хоргодох тохиолдол цөөнгүй. Ийм хүмүүсийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд ханддаг ч манай хууль сахиулагчдад хүлээлгэн өгсөн нь цөөн. Монгол Улс тус байгууллагад 1991 оны арваннэгдүгээр сард элсэж 155 дахь гишүүн нь болсон түүхтэй.
Интерпол нь гишүүн 190 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг Үндэсний төв товчоогоор дамжуулан цагдаа, хууль сахиулах байгууллага хооронд гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох, гэмт этгээдийг эрэн сурвалжлах зорилготой юм. Энэ ч утгаараа манай хууль сахиулах байгууллагаас хайсан хүмүүсийн талаарх мэдээллийг гишүүн орнууддаа хүргүүлэхийн сацуу улаан, цэнхэр, шар зэрэг буландаа эрэн сурвалжилж буй тухай мэдээллийг нь байршуулдаг. Тус байгууллагад элсэн орсноосоо хойш эрүүгийн хэрэгт холбогдож, хаана байгаа нь тодорхойгүй олон хүнийг эрэн сурвалжилж Монгол дахь Интерполын үндэсний төв товчооноос холбогдох хууль, дүрэм журмын дагуу хандаж байв. Манай хууль сахиулах байгууллагынхны хүсэлтэд үндэслэн цөөнгүй хүнийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын https://www.interpol. int/ цахим хуудсанд зарлаж, эрэн сурвалжилж буй тухай мэдээлэл үе үе цацагддаг. Гэвч тэднээс Монгол Улсад шилжүүлэн өгсөн хүн цөөн. Ямар учраас шилжүүлсэн тохиолдол бараг үгүй гэж үзэж буйг доор сийрүүлье. Гадаадын орнууд аливаа нэг хүнийг эх оронд нь шилжүүлэхдээ заавал шүүхээр шийдвэрлүүлдэг учраас ажиллагаа удаан байдгийг ташрамд тодотгоё.
ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРХЭГ НЬ ЭХ ОРНООСОО ЗУГТАГЧДАД БОЛОМЖ ОЛГОДОГ БАЙЖЭЭ
Монгол Улс 1991 онд Интерполд элссэнээс хойш олон хүн эрэн сурвалжилсан бөгөөд нэг бус хүний мэдээлэл одоо болтол дээрх цахим хуудсанд байсаар. Тодруулбал, Цэрэндоржийн Гансүх хэмээх 1971 онд төрсөн эрийг олон жилийн турш хайж буй. Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат тэрбээр 2000-аад оны үед нутагтаа хүний амь бүрэлгээд оргож, Хан Хэнтийн салбар уулсад нуугдсан гэдэг. “Шовгорын Ганаа” гэх хочтой түүнийг баривчлахаар хагас жил орчим хугацаанд ЦЕГ-ын Тусгай хэлтсийн ажилтнууд уулаар самнасан боловч олоогүй. Одоо ч эрэн сурвалжилсаар буй. Түүнийг хойд хөршийн хууль сахиулах байгууллагынхан саатуулбал Монгол Улсад шилжүүлэн өгөх бүрэн боломжтой. Учир нь 1990-ээд оноос өмнө тухайн үеийн социалист орнуудтай байгуулсан Эрх зүйн талаар харилцан туслалцах, Яллагдагчийг шилжүүлэх, Ялтан шилжүүлэх зэрэг гэрээ нь одоо ч хүчин төгөлдөр үйлчилдэг учраас Ц.Гансүхийг ОХУ-ын хилийн цэрэг, цагдаагийнхан саатуулсан тохиолдолд шилжүүлэхэд болох юм билээ.
Мөн дээрх цахим хуудсанд нэр, зургийг нь байршуулан одоо хүртэл хайж буй өөр нэг хүн нь Баянжаргалын Энхмаа гэх эмэгтэй. Түүнийг эд хөрөнгө завшсан хэрэгт буруутгаж байгаа.
Эдгээрээс гадна Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор, Монголын либерал ардчилсан намын дарга Т.Төмөрмөнх гээд цөөнгүй хүнийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад хандаж эрэн сурвалжилсан бөгөөд Австри улс Д.Сүрэнхорыг албадан гаргаж, Интерполын товчоогоороо дамжуулж шилжүүлж байв.
Мөрийтэй тоглож, их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт холбогдож оргосон түүнийг эх орондоо ирсэн даруйд саатуулан шалгаад зохих ял
шийтгэлийг нь ногдуулсан билээ. Харин Т.Төмөрмөнхийн тухайд “Интернэйшнл бизнес групп” гэх компани байгуулан “Канад, Япон, Бельги, БНСУ руу хямд зардлаар суралцуулна, өндөр цалинтай ажилд зуучилна” хэмээн 224 хүнээс 800 гаруй сая төгрөг залилсан хэрэгт холбогдон эх нутгаа орхисон. Түүний өмнөөс эгч Сэргэлэн нь хариуцлага хүлээснээс хойш хэрэг нь мартагдсан гэхэд хилсдэхгүй. Т.Төмөрмөнх АНУ-д байна гэдэг ч тус улсын хууль сахиулах байгууллага саатуулж, манай талд өгөөгүй. Эх сурвалжуудын хэлж буйгаар тухайн үед манай хууль, эрх зүйн орчин бүрхэг, АНУ-тай Эрх зүйн талаар харилцан туслалцах, Яллагдагч, Ялтан шилжүүлэх гэрээ огт байгуулаагүй нь түүнийг саатуулж хүлээлгэн өгөх боломжгүйд хүрсэн аж.
АЛБАН ТУШААЛТНУУД СААД УЧРУУЛСАН ТҮҮХ БИЙ
Албан тушаалаа урвуулсан, эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдон Интерполын цахим хуудсанд зарлан эрэн сурвалжлуулж байсан зарим хүнийг эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрээр хайхаа больсон тохиолдол бий. Үүнээс болж мөрдөн шалгах ажиллагаа удааширч, гацсан хэргүүд цагдаа, АТГ-ын мөрдөгчдийн шүүгээнд тоосонд даруулчихаад байгаа. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрх мэдлээ урвуулсан гэх хэргийн нэг холбогдогч нь түүний дүү Н.Энхтуяа болон туслахаар ажиллаж байсан Б.Хуягийг гэж үзэн олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байв. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян мөн л албан тушаалаа ашиглан Интерполын төв товчоо руу захидал бичиж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох тухай хүсэлт явуулсныг үндэслэн дээрх хоёр хүнийг олон улсад хайхаа больсон билээ. Ингэснээр Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүст холбогдох нэг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа гацаж, хавтаст хэргийг нь АТГ-ын мөрдөгчийн саналаар түдгэлзүүлчихээд байна. Албан тушаалаа ашиглаж, Интерполын ерөнхий нарийн бичгийн дарга Роналд Нобелд хандан Э.Эрдэнэжамъян захидал илгээснээр 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд Б.Хуяг, Н.Энхтуяа нарын талаар нийтэлсэн улаан булант зарыг цуцалж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоон, тэдний талаарх мэдээллийг Интерполын гишүүн улс орнуудаас авах боломжгүй болгож, мөрдөн байцаах ажиллагаанд санаатай саад учруулсныг гурван шатны шүүх тогтоон, дэд сайдад хариуцлага тооцсоныг уншигчид санаж буй биз ээ.
Дээрх хоёр хүнээс гадна Интерпол олон улсад эрэн сурвалжилж байсан “Либерти партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг хайх, саатуулах ажиллагаанд эрх мэдэлтнүүд саад учруулсан гэдэг. Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын хөрөнгөөс завшиж үрэгдүүлсэн хэрэгт өнөөгийн ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Гансүх, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа тэргүүтэй хүмүүсийг байцааж эхлэх үед дээрх хоёр хүнийг шалгахаар болсон ч эх орондоо ирэлгүй зугтсан юм. Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарын нэг нь ОХУ-д очсоныг тус улсын хууль сахиулагчид саатуулж, Эрх зүйн талаар, Эрүүгийн хэргийн яллагдагчийг шилжүүлэх гэрээний дагуу манай прокурорын байгууллагад мэдэгдэн хүлээлгэж өгөхөөр болсон ч УЕПГ-ын эрх бүхий албан тушаалтнаас хойд хөршийн прокурорын байгууллага руу албан тоот илгээн суллах шийдвэр гаргуулсан гэх мэдээлэл бий. Тиймээс 267 км төмөр замын суурь бүтцийн хөрөнгөөс завшсан хэргийн мөрдөн байцаах ажил зогссон гэхэд хилсдэхгүй.
Ч.САЙХАНБИЛЭГ, С.ТӨМӨРБАТ НАРТ УЛС ТӨРИЙН ШАЛТГААНААР ХЭРЭГ ҮҮСГЭСЭН ҮҮ
Өнгөрсөн 1-2 жилийн хугацаанд Интерполоор эрэн сурвалжлуулахаар хандсан хүн цөөнгүй. Тухайлбал, Хөгжлийн банкнаас хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр үүсгэн байгуулсан, шаардлага хангахгүй үзүүлэлттэй “Монгол драй милк” компанид зээл авч, тус банкны удирдах албан тушаалтныг өдөөн хатгасан хэрэгт яллагдагчаар татагдсан “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг Интерполд хандан байгаа газрыг нь тогтоолгосон. Гэвч тэрбээр тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, АТГ-т тайлбар мэдүүлгээ өгч буй.
Мөн авлигын хэрэгт холбогдон, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх захирамж Ерөнхийлөгч гаргахтай зэрэгцээд гэр бүлийнхнийхээ хамтаар ОХУ-ын Хиагт хотоор дамжин зугтаж АНУ-д их хэмжээний ам.доллартой очсон, нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан С.Төмөрбатыг шилжүүлэн авах талаар Интерполоор дамжуулан хандсан юм. Улмаар Төрийн тэргүүнийг далайн чанадын оронд айлчлах үед дагалдан явсан Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ч тус улсын Хууль зүйн сайд бөгөөд ерөнхий прокурортой нь уулзахдаа түүнийг шилжүүлэн авах санал гаргасан байдаг. Гэвч өнөөг хүртэл шилжүүлсэнгүй. Учрыг тодруулбал, шүүгч асан С.Төмөрбат АНУ-ын Цагаачлалын албанд “Улс төрийн шалтгаанаар хэрэг үүсгэн шалгаж буй тул танай улсад цагаачлахаас өөр аргагүй болсон” гэсэн утгатай өргөдөл гаргасныг шийдвэрлэх ажиллагааг тус орны шүүхэд явуулж буйтай холбоотойгоор өнөөг хүртэл манай талд өгөөгүй аж.
Түүнтэй ижил утгатай өргөдлийн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гаргаснаас Монгол Улсад түүнийг шилжүүлэхгүй байгаа тухай мэдээлэл ч бий. Өөрөөр хэлбэл, энэ хоёр хүн улс төрийн хэрэгт хэлмэгдэж болзошгүй гэснийг нь АНУ-ын шүүх хянан үзэж буйтай холбоотойгоор манай талд өгөөгүй гэх. Ч.Сайханбилэгийг “Дубайн гэрээ”-г байгуулахдаа эрх мэдлээ урвуулсан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг авах Засгийн газрын эрхээсээ татгалзаж, “Монголын зэс корпорац” компанид давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ.
Манай хууль хяналтын байгууллага нэг үеэ бодвол АНУ болон Эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээгүй ч аль нэг орноос эрэн сурвалжилж буй хүмүүсийг шилжүүлэн авах чиглэлээр хуульдаа өөрчлөлт оруулсан. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42-44 дүгээр бүлэгт маш тодорхой зааж өгсөн нь том дэвшил болжээ. Тиймдээ ч эрх зүйн энэ шинэчлэлийнхээ хүрээнд АНУ-тай харилцаж, Ч.Сайханбилэг, С.Төмөрбат зэрэг хүнийг шилжүүлэн авах талаар хөөцөлдөж, тус улсын шүүх хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байна. 2017 оноос өмнө яллагдагч, шүүгдэгчийг заавал байлцуулж хэрэг хянан шийдвэрлэдэг нь Интерполоор эрэн сурвалжилж буй хүнийг шилжүүлэн авахад саад учруулж байж. Харин хуулийн дээрх бүлэгт эх орондоо гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа харь оронд гарсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан журмын дагуу гадаад улсын эрх бүхий байгууллагад тавихдаа тухайн хүний үйлдсэн хэргийн товч агуулга, хэрэглэх хуулийн заалт, шийтгүүлсэн бол шүүхээс оноосон ял, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол гаргасан он, сар, өдөр зэргийг сайтар тусган хүсэлт гаргах боломж бүрдсэн байна.
Манайх хууль, эрх зүйн орчноо ийнхүү өөрчилж. Өдгөө гадаад орнуудын шүүх хэрхэн шийдвэрлэхийг нь хүлээх үлджээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа