Архидан согтуурсны улмаас хоногт 1-2 хүн алтан амиа алдаж байгааг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна. Жишээлбэл, өчигдөр гэхэд хамт архи ууж байсан хүмүүс нэгнээ хөнөөсөн тохиолдол хоёр удаа бүртгэгдсэн гэнэ. Эхний хэрэг нийслэлийн Налайх дүүргийн III хороонд гарсан. Хамт архи ууж байсан А,Б нар маргасан байна. Улмаар 29 настай хөлчүүрсэн залуу архины ааг омгоо дарж чадалгүй, 51 настай аав шигээ хүний хоолойг нь боож хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ. Цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжилж, сэжигтнийг гэрээс нь саатуулсан аж. Мөн Чингэлтэй дүүргийн XV хороонд архи ууснаас үүдэлтэйгээр хүний амь хохироосон хэрэг гарав. Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан 35-40 настай У болон Г нар уулзсан гэнэ. Тэд архидан согтуурч, У нь Г-г хутгалж хөнөөсөн гэх хэргийг цагдаагийнхан шалгаж байна.