ОХУ-ын иргэн И.А.Самохинд холбогдох, мөнгө угаасан хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Тэрбээр Кипр улсын хөрөнгө оруулалттай “Валестия” гэх компанийг 2011 онд манай улсад байгуулж, арилжааны банкуудад төгрөг, ам.доллар, рубль, еврогийн данс нээж, 2015-2019 онд 54 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хүлээн авчээ. Улмаар түүнийгээ оффшор бүсэд бүртгэлтэй Кипр, Беларусь зэрэг 10 улс руу шилжүүлж, 13 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгасан юм. Хэргийг мөрдөх явцад “Валестия” компанийн захирал, ОХУ-ын иргэн И.А.Самохин нь манай улсад анх цөөн хоногоор ирж байсан бөгөөд тухайн үедээ 16.2 сая ам.доллар бэлнээр болон гадаад гүйлгээгээр 10 орон руу шилжүүлж байснаас гадна арилжааны банкууд дахь өөрийн дансандаа хийчихээд буцдаг байсан нь тогтоогдсон гэдэг. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.6-2.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн”, 18.3-1 дэх хэсгийн татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн хурлаас И.А.Самохинд холбогдох хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.
Мөн өчигдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяа, дуучин Э.Оюумаа нарт холбогдох, хахууль авсан, өгсөн, эрх мэдлээ урвуулсан хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн ял оноолоо. Р.Энхтайван, Б.Мөнхтуяа нар “Ньюсиян” ХХК-д Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх тухай албан бичиг гаргаж өгөхийн тулд дуучин бүсгүйг аргагүй байдалд оруулж, дарга нь гурван сая, ажилтан нь хоёр сая төгрөг хахуульд авсан хэрэгт холбогдсон. Мөн хурандаа Р.Энхтайваныг эрх мэдлээ урвуулж, “Шүрэн” ХХК-д давуу байдал бий болгон, битүүмжилсэн хөрөнгийг нь цуцалсны улмаас уг компаниас төлбөр авагч иргэн С нь 522 сая төгрөгөө авах боломжгүйд хүрч, шүүхийн шийдвэр биелэхгүй болгосон гэж буруутгасан юм. Анхан шатны шүүхээс дуучин Э.Оюумааг албан тушаалтанд хахууль өгсөн буруутайд тооцож 5.4 сая, НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч Б.Мөнхтуяаг хахууль авсан буруутай гэж дүгнэн 10.9 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Харин хурандаа Р.Энхтайваныг албан тушаалаа урвуулсан, бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцож дөрвөн жил хорих ял оноожээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа