Хөвсгөл, Булган аймгийн заагт байрлах Намнангийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрсэн автомашины ачаан дотор тарваганы 29 тулам нууж, Улаанбаатар хот руу оруулах гэж явсныг Экологийн цагдаагийн албаны Хөвсгөл аймаг дахь ажилтан илрүүлжээ. Тус аймгийн харьяат иргэн У эл зөрчлийг гаргасныг тогтоон, хариуцлага хүлээлгэхээр шалгалт хийж байна. Экологийн цагдаагийн албаныхнаас энэ талаар тодруулахад “Хууль бусаар агнасан тарвагыг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалт үргэлжилж байна” гэв.
Зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан бол Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр гаргуулж, хувь хүнийг 300 000, аж ахуй нэгжийг гурван сая төгрөгөөр торгодог аж. Мөн тарваганы экологи эдийн засгийн үнэлгээгээр буюу нагайг 200 000, бурхийг 170 000 төгрөгөөр тооцож, уг мөнгөн дүнг хоёр дахин нэмэгдүүлэн төлбөр ногдуулах хуультай.