Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор хоол тэжээл эрсэн зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол гарсаар байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Тухайлбал, Улаанбаатар хотын захад зээрийн сүрэг өвөлжиж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-нд Хан-Уул дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэрт олон тооны цагаан зээр орж ирсэн тухай дуудлага тус газрынханд ирсэн аж. Шинэ нисэх буудлын хурдны болон орон нутгийн авто замд хашигдан үлдсэн 500 орчим цагаан зээрийг тухайн үед түр хамгаалалтад авчээ. Одоогоор 300 гаруй зээрийг суурьшлын бүсээс гаргасан байна. Цагаан зээр нь идэш тэжээл байгаа нутаг руу нүүдэг амьтан учир зөнгөөрөө нийслэлээс гартал ажиглах шийдвэрийг байгаль хамгаалагчид гаргаж, өдөр бүр хянаж буй гэнэ. Амьтдын аюулгүй байдлыг хангах үүднээс зэрлэгшсэн нохой устгах арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн тухайн орчинд амьдарч буй иргэдэд нохойгоо сул тавихгүй байхыг анхааруулсан байна. Түүнчлэн аймаг, сумын төвд ч зээрийн сүрэг үзэгдэх болсон аж.
Ташрамд дурдахад, суурьшлын бүсэд зэрлэг амьтан орсон гэх 116 дуудлага өнгөрсөн онд нийслэлийн Байгаль орчны газарт иржээ. Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор зэрлэг амьтдын экологийн гарцыг долоон байршилд байгуулахаар болсон байна. Мөн Баянзүрх дүүргийн XIX, XX, Сонгинохайрханы XXI, Хан-Уулын XIII хорооны нутаг дэвсгэрт биотехникийн арга хэмжээ авч, 150 боодол өвс, 4000 кг хужир тавих гэнэ.