Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, “Азаргын гол чонот” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найз Б.Отгонбаатар тэргүүтэй таван хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн баасан гарагт хэлэлцээд 23.40 цагийн үед тогтоолоо танилцуулсан юм. Ж.Эрдэнэбатыг Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, бусдад давуу байдал олгосон гэж буруутгасан. Тодруулбал, Булган аймгийн нутагт орших Зэд, Хантай, Бүтээлийн нуруун дахь ашигт малтмалын хайгуул, ашиглалтын зөвшөөрлүүд нь багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт таван аймагт найман тусгай зөвшөөрөл олгосон буруутай гэж анхан шатны шүүх үзсэн юм. Мөн Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд багтсан, “Улаан сайр-2” нэртэй талбайг төрсөн дүүтэйгээ хамт байгуулсан “Хэрх илч” компаниар дамжуулан таван сая төгрөгөөр худалдан авч өөртөө болон төрсөн дүүдээ давуу байдал бий болгосон буруутай гэж дүгнэсэн билээ. Улмаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт зургаан жил, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарт гурван жил хорих ял шийтгэн, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5-6 жил хассан билээ. Давж заалдах шатны шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэж Дээд шүүх дүгнэн хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр боллоо. Харин Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Бэлтгэсэн: Г.Равжаа