УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. Гишүүдийн олонх буюу 96.2 хувийн саналаар ийн баталсан байна.
Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Шүүхийн тухай хууль бол үндсэн хуулийн нэг том салаа мөчир, хуулийн засаглал, шударга ёсны суурь нь юм. Шүүх болон шүүгч хэнээс ч юунаас ч хараат бус ажиллах боломжийг энэ хуулиар бүрдүүллээ. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх үндсэн хуулийн зарчим шүүхийн тухай хуулиар бодитой хэрэгжинэ. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх нь нээгдэж байна гэж үзэж байна. Шүүхэд, шүүгчид хуулиас өөр дарга байхгүй болсон. Энэ цагаас эхлэн эзэнтэй шүүгч, эрх мэдэл, эдийн засгаас хараат шүүгч гэж хэрхэвч байж болохгүй. Шүүгч шүүгчдээ нөлөөлдөг, дарамталдаг явдал энэ хуулиар эцэс болж байна. Шүүгчийн томилгоог нэг хүний гарт төвлөрүүлж хонгил үүсгэдэг асуудал төгсгөл болж байна. Өмнө нь дөрвөн хуулиар зохицуулж байсан харилцааг нэгтгэн шүүхийн тухай хууль гэсэн нэг хууль болголоо.
Шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлж, шүүгчид хориглох 40 гаруй зөрчлийг тодорхой тусгаж өглөө. Хариуцлага алдсан, ёс зүйгүй авирласан шүүгчид хариуцлага тооцох хараат бус сахилгын хороо энэ хуулиар бий болж байна.
Шүүгчийг сонгон шалгаруулах, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэг бүхий шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн, томилох журам, тавих шаардлагыг тодорхой болголоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний тавыг шүүгчид дотроосоо бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтыг үндэслэн УИХ-аас томилж байхаар боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг өндөрсгөлөө.