Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад АТГ, ЭЦА-наас хэд хэдэн үндэслэлээр хэрэг нээн шалгаад багагүй хугацаа өнгөрөв. Тэгвэл ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байсан татвараас зайлсхийсэн гэх хэргийг хаах тогтоол НПГ-ын хяналтын прокурор гаргажээ. Түүнд холбогдуулан хэрэг нээж, 2018 оны гуравдугаар сарын сүүлчээр хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх нь байранд ч нэгжлэг хийж байв. “УБТЗ”-ын дарга Д.Жигжиднямаа олон улсын тээвэр зуучийн “Фрейт Коммодити консалтанс” компанийн захирлаар ажиллаж байхдаа 2013-2017 оны хооронд бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод татвар ногдуулж, хувь хүний орлогын албан татварыг суутган авсан ч төсөвт 356 сая 519 мянга гаруй төгрөг төлөөгүй зөрчилд нь 35.6 сая төгрөгийн торгууль татварын байгууллагаас тавьсныг барагдуулаагүй.
Мөн НӨАТ-ын борлуулалтын орлогын жилийн дүнгээр тооцоо хийлгүй, дутуу тооцсон хоёр тэрбум 47 сая гаруй төгрөгийн зөрчилд 204 сая, борлуулалтын орлогыг дутуу тооцож аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 1.6 тэрбум төгрөгийг тооцоогүй зөрчилд 166.5 сая гээд нийт дөрвөн тэрбум 69 сая илүү төгрөгт ногдох 406.9 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор түүнд ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хэрэгт холбогдсон юм. Уг зөрчлийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар илрүүлж, 2018 оны зургадугаар сард дүгнэлт гаргасан байдаг. Түүндээ хууль зөрчсөн, 2013-2017 онд онц их хэмжээний татвар төлөөгүй тул хүү, торгууль, алдангийг нь тооцсон. ЭЦА-ны мөрдөгчид Д.Жигжиднямаад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлж ч байв. Гэвч түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хаасан байна. Хэдийгээр ийнхүү эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч Баянгол дүүргийн Татварын хэлтсээс улсад төлөх ёстой дээрх татваруудыг нэхэмжилж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд прокурорын байгууллагаас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан уг хуралд оролцож буй аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа