УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороо хамтран Коронавируст (“Ковид-19”) халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван төслийг өчигдөр 10.00 цагт хэлэлцэхээр товлосон. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас хуралдааныг өнөөдөр хүртэл хойшлуулав. Гурван төсөлд ямар өөрчлөлт тусгасан талаар тайлбарлая.
УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн өнгөрсөн сарын 23-нд “Ковидын хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Үүнд эрх бүхий байгууллагын шийдвэр, арга хэмжээнд тавих шаардлагыг улам чангатгах талаар тусгажээ. Тухайлбал, коронавирусийн халдвар авсан болон сэжигтэй гэж үзэж буй иргэний хувийн мэдээллийг хадгалах, гэр бүл, ойр дотнын хүмүүсийнх нь нууцыг задруулахгүй, ялгаварлан гадуурхагдах, нэр төрийг нь гутаан доромжлох нөхцөлд хүргэхгүй байхыг аливаа шийдвэр гаргахдаа анхаарах нь. Мөн цар тахлаас сэргийлэх, тэмцэх аливаа арга хэмжээтэй холбоотой шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй бол гарсан сөрөг үр дагаврыг нь тухайн албан тушаалтан хариуцах гэнэ. Түүнчлэн гадаадад байгаа иргэн эх орондоо буцаж ирэх, улсын хилээр нэвтрэх эрхээ баталгаатай эдэлнэ гэсэн заалтыг нэмэх нь. Үүнээс гадна цар тахалтай холбоотой үндэсний цахим мэдээллийн сан бүрдүүлж, түүний аюулгүй байдлыг хангах, иргэн, хуулийн этгээдээс өгч байгаа хандивыг Засгийн газрын тусгай санд байршуулж, олон нийтийг тус сангийн үйл ажиллагаатай нээлттэй танилцах боломжоор хангах талаар тусгасан байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын өргөн барьсан төсөл нь барьцаалан зээлдүүлэх газруудаас зээл авсан иргэнд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой. Тухайлбал, барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд 2020 оны арваннэгдүгээр сарын 12-наас энэ оны гуравдугаар сарын 31 хүртэлх хугацаанд байгуулсан гэрээнд хамаарах хүүгийн хэмжээг тэг хувиар тооцох аж. Мөн дээрх хугацаанд ямар нэг хүү, шимтгэл, хураамж ногдуулахгүй байх бөгөөд үүнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд тухайн этгээдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах юм байна.
УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ХИЙЖ БУЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ “КОВИДЫН ХУУЛЬ”-ИАР ХЯЗГААРЛАХГҮЙ ГЭЖ ҮҮ
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын дөрвөн гишүүний өргөн барьсан төсөлд олон зохицуулалт бий. Тухайлбал, УИХ, Засгийн газрын тогтоолын хүрээнд хийж байгаа тэмдэглэлт өдөр болон баяр ёслолын үйл ажиллагааг “Ковидын хууль”-ийн үйлчлэлд хамааруулахгүй байхаар заажээ. Үүнд дээрх эрх бүхий байгууллагын шийдвэрээр хийж буй хурал, цуглаан, биеийн тамирын болон бусад төрлийн уралдаан, баяр наадам, урлагийн тоглолтыг хамруулах гэнэ. Хэрэв энэ заалтыг УИХ-ын гишүүд дэмжих юм бол иргэн, хуулийн этгээдээс олон хүн цуглуулсан ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглож, харин Засгийн газар, УИХ-д давуу эрх олгох нь. Уг нь ямар байгууллагаас явуулж буй арга хэмжээ гэдгээс үл хамааран коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй.
Мөн төсөлд голомтот бүсэд ажиллаж байхдаа халдвар авсан, нас барсан төрийн албан хаагч болон ар гэрт нь тусламж олгох, ажилтнуудын 0-12 хүртэлх насны хүүхдийг хамруулах
цэцэрлэгийг халдвар, хамгааллын дэглэм баримтлуулан ажиллуулах талаар дурджээ. Үүнд насны хязгаарыг андуурч бичсэн үү, ямартай ч зургаагаас дээш настай хүүхдийг цэцэрлэг бус, сургуульд явуулах учиртай.
Түүнчлэн цар тахлын үед эрүүгийн, иргэний, зөрчлийн, захиргааны хэрэг, маргааныг шүүхэд хянан шийдвэрлэхдээ тусгай журам гарган оролцогч талуудыг байлцуулах, гадаадад байгаа иргэдийг хэзээ татаж авах талаар тухай бүрт шуурхай мэдээлэл өгөх, хэрэв төлөвлөсөн нислэг цуцлагдсан бол хоол хүнс, орон байргүй болсон иргэнд тусламж хүргүүлэх зохицуулалтын талаар тусгах аж. Үүнээс гадна халдвар авсан иргэний хөдөлгөөнийг тогтоох зорилгоор авч байгаа мэдээллийг хадгалах, ашиглах, хянах журмыг ХЭҮК, ТЕГ, ЦЕГ, Улсын ерөнхий прокурорын газар, цахимаар ипотекийн зээл олгох журмыг Монголбанк батлахаар тусгажээ. Мөн цар тахлын үед хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, Монголбанкнаас тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хооронд гадаад валютаар гүйлгээ хийхийг хориглох талаар бичсэн байна.
ЗУРГААН САРЫНХ НЬ ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ 20 ХҮРТЭЛХ ХУВИАР БУУРУУЛАХ ЗААЛТЫГ ХАСАХ НЬ
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж. Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд ямар өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ.
Төрийн албаны тухай хуульд зааснаар албан хаагч үйл ажиллагаа явуулахдаа 20 гаруй зүйлийг хориглох учиртай. Тухайлбал, хуульд нийцээгүй шийдвэр гаргах, түүнийг биелүүлэхийг шаардах, эрх мэдлээ урвуулан ашиглах, улс төрийн нам, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хуульд зөвшөөрснөөс бусад тохиолдолд оролцох, ажилтныг жендерийн ялгаатай байдлаар нь гадуурхах гэх мэт. Эдгээрийг зөрчсөн тохиолдлын шинж байдлаас хамааран сануулах, зургаан сарынх нь цалингийн хэмжээг 20 хүртэлх хувиар бууруулах, ажлаас нь халах, төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэн орж ирэхийг нь хориглох зэрэг сахилгын шийтгэл ногдуулдаг. Тэгвэл хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу сануулах тохиолдолд олон нийт, эсвэл ажилтнуудад мэдээлэхгүй буюу хаалттай байдлаар мэдэгдэх нь. Харин зургаан сарынх нь цалингийн хэмжээг 20 хүртэлх хувиар бууруулах сахилгын шийтгэлийг хасаж, ийм тохиолдолд нээлттэй буюу хамт олон, бусдын өмнө сануулахаар төсөлд заажээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд энэ зохицуулалтыг дэмжсэн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИХЫГ ДААЛГАЖЭЭ
Төсвийн байнгын хороо өчигдөр үдээс хойш цахимаар хуралдаж, УИХ-ын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Уг тогтоолоор ирэх оны төсвийн тухай хуультай холбогдуулан бүх шатны төсвийн захирагч нарыг сахилга баттай, үр өгөөжтэй ажиллуулах, энэ чиглэлээр өгсөн аудитын зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх, халамж авах зорилтот хүрээг тодорхой болгох, үүний хүрээнд Нийгмийн халамжийн тухай багц хуулийг өргөн барих, сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг өөрчлөх ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газраас гаргуулж, 2021- 2022 онд хийхийг Засгийн газарт даалгажээ. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн 2019, 2020 оны үйл ажиллагааг хамруулан шалгаж, дүгнэлт гаргах, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын холбогдох заалтад хяналт тавих үүрэгтэй ажлын хэсэг байгуулахыг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхланд даалгасан аж.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар таван ажлын хэсгийг байгуулсан юм. Ингэснээр Таримал ургамлын үр, сортын, Генетик нөөцийн, Байгалийн ургамлын, Усны, Хүнсний, Ойн тухай зэрэг өргөн мэдүүлсэн хуулийн төслийг удахгүй хэлэлцүүлэх бэлтгэл хангах нь.