Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2020 оны арванхоёрдугаар сарын 22-нд захирамж гаргаж, 15 байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэдгээр байгууллагын ажилтнуудыг нийслэлийн замын хөдөлгөөнд оролцох, зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR код бүхий тусгай зөвшөөрөл олгож байсан билээ. Гэвч нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг буюу нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын зарим албан тушаалтан эрх мэдлээ урвуулж, дээрх 15 байгууллагын жагсаалтад багтаагүй иргэд, аж ахуйн нэгжийнхэнд уг зөвшөөрлийг олгосныг ЭЦА-ныхан тогтоон шалгаж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор тус газрын нэлээд олон ажилтанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгаж байгаа. Шалгалтын явцад барилгын компанийнхан, хувь хүмүүст 50 000-300 000 мянган төгрөгөөр борлуулсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Өдгөө энэ хэргийг ЭЦА-наас шилжүүлж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр шалгуулахаар прокурорын байгууллагаас харьяалал тогтоосон байна. Гэхдээ хараахан шилжиж ирээгүй, энэ долоо хоногт хэрэг бүртгэлтийн хэргийг хүлээн авах байх гэдгийг АТГ-ынхан бидэнд мэдээлсэн юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа