Бүх нийтийн хатуу хөл хорионы үед Өмнөговь аймгийн Цагаан хад хилийн боомт орчимд ажиллаж, амьдардаг иргэдийг хууль бусаар тээвэрлэсэн хэргийг цагдаагийнхан шалгаж байна. Хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг иргэд фэйсбүүкт зар байршуулан коронавирусийн шинжилгээ өгөөгүй иргэдийг “Улаанбаатар-Өмнөговь-Цогтцэций” гэсэн чиглэлд зөөвөрлөхдөө нэг хүнээс 250 000-300 000 төгрөг авдаг байж. Мөн ачаа тээшийг овор хэмжээнээс харгалзан 50 000-100 000 төгрөгөөр тээвэрлэдэг байсан нь тогтоогдожээ. Одоогийн байдлаар коронавирусийн шинжилгээ өгөөгүй 18 жолооч, 31 зорчигч нийт 49 иргэнийг 17 тээврийн хэрэгслээр зөөсөн нь ил болоод байна. Зорчсон, тээвэрлэсэн бүх иргэнийг харьяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн газарт зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Хулгайн замаар иргэдийг тээвэрлэх олон эрсдэл дагуулдаг. Тухайлбал, замдаа төөрөх, төвөөс зайтай замд машин эвдрэх аюултай. Дээрээс нь хүйтний эрч чангарч буй эл өдрүүдэд осгох, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Цагдаагийн байгууллагаас 2020 оны арванхоёрдугаар 28-наас эхлэн “Хулгайн зам” нэртэй хэсэгчилсэн шалгалт зохион байгуулж Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын Цагаанхад, Гурвантэс сумын Шивээ хүрэн хилийн боомт хүртэлх хулгайн тээвэр хийдэг зам маршрутыг тогтоон, дээрх газруудад гэнэтийн хяналт шалгалтыг Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Авто тээврийн төвтэй хамтран зохион байгуулж байна.