Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүр дээрэмдсэн хэрэг бүртгэгдлээ. Тодруулбал, өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 6-ны орой 20.00 цаг орчимд дээрмийн хэргийн хохирогч болсон эмэгтэй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. 20 орчим настай дээрэмчин худалдагч эмэгтэйг сүрдүүлэн бүх орлогыг нь авч зугтжээ. Цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу шуурхай ажиллаж, хэрэгтнийг илрүүлсэн байна. Хэргийг тэнэмэл амьдралтай, 21 настай О үйлдсэн байна.
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын III хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог.
Мөн хуулийн 17.2.2-т Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял, 17.3-т Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар тус тус хорих ял шийтгэхээр заасан.