Эх орноосоо урвасан хэрэгт холбогдон анхан болон Нийслэлийн шүүхээс 17 жилийн хорих ялаар шийтгүүлсэн УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны зөвлөх асан Ц.Жаргалсайхан ялыг эсэргүүцэж Улсын дээд шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Түүний гаргасан гомдол өнгөрсөн лхагва гаригт Улсын дээд шүүхэд иржээ.
Өдгөө тус шүүхийн шүүгчид анхан болон давж заалдах шатанд хууль зөв хэрэглэсэн эсэхийг хянаж байгаа бөгөөд ирэх сард Хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцэх бололтой. Уг хэргийн талаар Нийслэлийн шүүхээс өнгөрсөн лхагва гаригт хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэр Эрүүгийн танхимын тэргүүн Б.Сарантуяа “УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны зөвлөх Ц.Жаргалсайханд холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд 17 жилийн хорих ял оноосон.
Түүнийг гадаадын тусгай албаны ажилтанд улсын нууцад хамаарах мэдээ баримтыг удаа дараа дамжуулсан хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн. Өдгөө Улсын дээд шүүхэд хянаж байгаа. Энэ хэрэг улсын нууцтай холбоотой учраас гадаадын тусгай албаны ажилтныг нь олж мэдүүлэг авсан эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.