Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр М.Ойгонбаярт холбогдох хэргийг хэлэлцлээ. Түүнийг энэ оны хоёрдугаар сарын 5-нд Замын-Үүдээс Эрээн рүү 1.7 кг героиныг бусдад дамжуулахаар явж байхад нь саатуулсан юм. Тэрбээр уг бодисыг Цэрэндулам гэдэг эмэгтэйн зуучлалаар Филиппинээс Монгол руу оруулж ирсэн тус улсын иргэн Эдвардаас авчээ. Эдвард нь Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор авчирч өгсөн аж.
Улмаар М.Ойгонбаярт Цэрэндуламын хамт ажилладаг гэх Саранцэцэг гэх эмэгтэй гадаад паспорт, галт тэрэгний тасалбар, 1300 юань, саарал чемодантай зүйлийг төмөр замын төв буудалд авчирч өгсөн аж. Энэ ачааг Эрээнд Наранцэцэг гэдэг эмэгтэй тосож авах байсан ч тэрбээр цагдаагийнхантай явж байгааг нь мэдээд зугтсан байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Сөүлээр дамжин Монгол руу хар тамхи оруулж ирж, Монголыг хар бизнесийнхээ дамжуулагч орон болгон ашиглаж байдаг Филлипиний 3-4 иргэн байдаг.
Эдвардаас гадна Бобби нарын дөрвөн хүн Улаанбаатарт ирж монгол хүнд мансууруулах бодис дамжуулж өгчихөөд явдаг талаар тэрбээр мэдүүлсэн юм. Түүнд улсын яллагч Т.Мөнхжаргал Эрүүгийн хуульд заасан зохион байгуулалттай гэмт бү лэглэлд оролцож, хар тамхи мансууруулах бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн юм.
Харин шүүхээс зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцсон гэсэн зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгож, мансууруулах бодис онц их хэмжээгээр улсын хилээр нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр 13, мансууруулах бодисыг үгсэн тохиролцож, олж авч тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр 12 жилийн хорих ял оноож, уг ялыг хүндийг нь хөнгөнд нь багтааж, нийт 15 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Г.РАВЖАА