Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VI хороонд есөн хүний амийг хөнөөж, шатаасан хэрэг энэ сарын 20-нд гарсан. Дээрх хэргийн шалгалтын талаар ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.СандагОчироос тодруулав.
-Юуны өмнө талийгаачдын хамаатан садан, төрөл төрөгсдөд цагдаагийн байгууллагын зүгээс эмгэнэл илэрхийлье.
Гэрт байсан иргэд, хүүхдийн амь насыг хэрцгийгээр хөнөөн, онц ноцтой гэмт хэрэг үйлдэж, гэр орныг нь галдан шатаасан жигшүүрт хэрэг Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт гарсан. Хэрэг гарсан өдрөөс эхлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг ажиллаж байна. Хохирогчдыг хэн болохыг тогтоох болон шүүх эмнэлгийн шинжээчийг томилох зэрэг хуульд заасан хойшлуулшгүй ажиллагаануудыг хийж, мөрдөн байцаалтыг эхлүүлсэн. Гэмт этгээдийг илрүүлэхэд цагдаагийн байгууллагын зүгээс бололцоотой бүх арга хэмжээ авч байна.
-Хэрэгт холбогдуулан хэд, хэдэн хүнийг саатуулсан гэдэг мэдээлэл байгаа. Энэ үнэн үү?
-Энэ хэрэгт зарим иргэнээс мэдүүлэг, тайлбар авч байгаа нь үнэн. Цагдаагийн зарим байгууллага бэлэн байдалд шилжиж, алба хаагчид ачаалал ихтэй, өдөр шөнөгүй ажиллаж байна. Ажлын хэсэгт Шүүхийн шинжилгээний хүрээлэн, ОБЕГ-ын шинжээчид орсон. Гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжлах, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Г.Равжаа