Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VI хороо, “Ган хийц” компанийн урд байсан иргэн Б гэдэг эмэгтэйгийнд есөн хүний амь насыг хохироосон ноцтой хэрэг өнгөрсөн бямба гаригт гарсан. Цагдаагийн байгууллагаас өчигдөр авсан мэдээллээр тэнд хохирогч эмэгтэй Б болон түүний хоёр хүүхэд бусдад хорлогдож амиа алджээ. Түүнчлэн хохирогчийн хамтран амьдарч байсан Ш.Ж байсан болох нь батлагджээ.
Шалгалтын явцад тэднийд 6, 7 настай болон 12-оос дээш насны таван хүүхэд байсан нь тогтоогдсон гэнэ. Уг хэргийг шалгах Ажлын хэсгийг ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа А.Дулаанжаргал тэргүүлэн ажиллаж байгаа юм. Цагдаагийн эх сурвалжаас бидний авсан мэдээллээр энэ хэрэгт холбогдуулан талийгаач Б-тай хамтран амьдарч байгаад салсан нэгэн эрийг шалгаж байгаа аж.
Түүнээс тайлбар мэдүүлэг авахад “Уг хэрэгт холбогдолгүй” хэмээн тайлбарлахын зэрэгцээ амиа алдагсдын дунд миний хүүхэд байсан хэмээн ихэд шаналж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Гэхдээ түүнийг уг хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Сэжигтэн Б нь халаасны хулгайн хэрэгт холбогдож байсан талаар өөр нэгэн эх сурвалж мэдээлэв.