Жүжигчин Б.Навчааг үзэл бодлоо илэрхийлж, Үндсэн хуульд заасан эрхээ эдэлсэнийх нь төлөө шүүх бололтой. Түүнтэй утсаар нь холбоо барьж, холбогдсон хэргийнх нь талаар тодрууллаа.
-Та үүсээд буй нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгөхгүй юү?
-Хуулийнхан намайг жилийн турш дарамталж байна. Тэд “Х.Нямбаатар гэх ганц л үгийг фэйсбүүктээ дахиж бичих юм бол хорино” хэмээсэн. Тиймээс би жил орчим тэдний дарамтад байсан. Гэтэл Х.Нямбаатар дахин гомдол гаргаж, 2020 оны наймдугаар сард хаасан хэргийг аравдугаар сард сэргээн шалгуулсан. Ер нь Х.Нямбаатар намайг хоёр удаа шалгуулж, хуулийнхан хоёр удаа хэрэгсэхгүй болгож буй. Энэ удаа ч би прокурорын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэгт итгэж байв. Учир нь би хуулиа судалсан, бас хоёр ч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч буй. Гэтэл надад прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлжээ.
-Таныг анх цагдаад өгсөн үндэслэл нь юу вэ?
-Үндсэн хуульд зааснаар 18 настай бол насанд хүрсэнд тооцно. 21 нас хүрээгүй хүнд архи зарахыг хуулиар хориглодог. Гэтэл хүний охин үрийг архинаас дор үзэж болохгүй. Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 12.5-д нэмэлт, өөрчлөлт оруулж, “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээх заалт нэмсэн. Үүнийг маш олон хуульч эсэргүүцэж, үзэл бодлоо илэрхийлсэн. Иргэд ч эсэргүүцэж, фэйсбүүк орчин давлагаа өрнүүлсэн. Би ч эсэргүүцэж пост бичсэн юм. Өөрөөр хэлбэл, би Х.Нямбаатарыг бус, хуулийн зүйл заалтыг эсэргүүцсэн. Гэтэл энэ хүн үүнд эгдүүцэж, дөрвөн хүнийг шүүхэд өгч, ялласан. Тав дахь би болж байх шиг байна. Тодруулбал, цагдаа, шалгаж, прокуророос надад Эрүүгийн хуулийн 13.14-1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх эд шилжүүлжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд салбарынхаа харьяаны хүмүүсийг зөвхөн өөрийгөө хамгаалахад ажиллуулаад байх шиг. Одоо Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг чангатгах гээд төсөл боловсруулсан байна билээ. Энэ янзаараа Монгол Улсын бүх иргэн шоронд орох нь. Өөрийг нь бичсэн болгоныг “намнавал” ард түмнийг дуугуй болно гэж бодсон байх.