Хууль бус бооцоот тоглоом цахим орчинд зохион байгуулсан бүлэг этгээдийг илрүүллээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 20.17 зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар ажиллаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс энэ талаар тодрууллаа.
-Сүүлийн үед цахим орчинд иргэд бооцоот тоглоом ихээр тоглох боллоо. Цагдаагийн байгууллагаас үүнд анхаарлаа хандуулж шалгалтын ажиллагаа явуулж байгаа юу?
-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд гэрээсээ олон нийтийн цахим сүлжээ фейсбүүк орчинд урьдчилан тооцоолох боломжгүй мөрийтэй тоглоом зохион байгуулах, азтан шалгаруулах хууль бус үйл ажиллагааг шууд бичлэг /live/ хэлбэрээр зохион байгуулж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйл “Мөрийтэй тоглоом зохион байгуулах”-д заасан гэмт хэргийн шинжтэй тус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албанаас тогтмол хяналт шалгалтыг хийж ажиллаж байна.
-Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна гэж та хэллээ. Ямар үр дүн гарч байгаа вэ, Өөрөөр хэлбэл хэд хэчнээн хүнд хуулийн ямар хариуцлага тооцож ажиллаж байгаа талаараа тодорхой дурдвал?
-Хөл хориог тогтоосноос хойш хугацаанд Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд хууль бус бооцоот тоглоомын үйл ажиллагаа зохион байгуулсан 182 этгээдийг олж тогтоон эрүүгийн хуульд заасны дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хүргүүлсэн. Одоогийн байдлаар 41 этгээдийг материалжуулан шилжүүлсэн. Мөн хууль бус бооцоот тоглоомын 27 үйл ажиллагааг газар дээр нь таслан зогсоож ажилласан. Өчигдрийн (2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр) байдлаар цахим сүлжээнд бооцоот тоглоом зохион байгуулсан 25 этгээдийг олж тогтоон үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
-Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд цагдаагийн байгууллагаас хууль тогтоомжид заасан эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэхээс гадна ямар арга хэмжээ авдаг вэ?
-Цагдаагийн байгууллагын холбогдох алба нэгжээс олон нийтийн сүлжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг фэйсбүүк групп, цахим хуудас эзэмшигчдэд эрүүгийн болон бусад холбогдох хууль тогтоомжийг танилцуулах ажил арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж ажиллаж байна. Энэ ташрамд иргэд олон нийтэд анхааруулж хэлэхэд Та бүхэн маань эрүүгийн хуульд заасан бооцоот тоглоом тоглуулж ашиг олох нь хууль бус үйлдэл гэдгийг ойлгож, үүний цаана эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгээ ухамсарлаасай гэж хүсье.
-Та сая эрүүгийн хариуцлага хүлээнэ гэлээ. Яг ямар хариуцлага хүлээлгэдэг вэ, иймэрхүү хууль бус ажиллагааг явуулж байгаа иргэдэд, магадгүй тус ажиллагааг зохион байгуулах санаа тээсэн залууст сануулж хэлэх нь зүйтэй байх?
-Тэгэлгүй яахав. Энэхүү хууль бус ажиллагаа нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттайг энэ хэрэгт холбогдогч зарим иргэд мэдээгүй байсан тохиолдлууд бий. Гэхдээ хууль мэдээгүй гэдэг нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх гэсэн ойлголт байдаггүй. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгж /450 мянган төгрөг/-ээс арван дөрвөн мянган нэгж /14 сая төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Уг зүйл заалтын 2-т “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн тус тус заасан байдаг.