Жижиг, дунд үйлдвэрийн газрынхан шалгуур хангасан 48 төсөлд бичил зээл олгохоор ажиллаж байгаагаа дуулгав. Эдгээр төслийг санхүүжүүлэхэд нийт 5.5 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Жижиг, дунд үйлдвэрийн газарт дээрх зээл олгох эх үүсвэр байхгүй аж. Эдийн засгийн хямралтай энэ үед бичил бизнес урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилт чухал хэрэгтэй тул ямар нэгэн байдлаар зохицуулалт хийн зээл олгохоор ажиллаж буйгаа тэднийхэн тодотгов. Тус газарт энэ онд бичил зээлийн багцын ангилалд хамаарах 79.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 631 төсөл ирүүлсэн байна. Эдгээрээс гурван үе шатны шалгаруулалтаар 112 төсөл тунаж үлджээ. Төслүүдийг эрэмбэлэн 64 аж ахуйн нэгжид 9.1 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон аж. Хэрэв санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж чадвал үлдсэн 48 төсөлдөө зээл олгох боломж бүрдэх гэнэ. Жижиг, дунд үйлдвэрийн газар бичил бизнест жилийн гурван хувийн хүүтэй, дээд тал 36 сарын хугацаатай зээл олгох юм.