Бөхөн шарын нуруу гэж өвс ургамал жигдэрсэн, амьтай бүхнийг тэжээн тэтгэдэг байгаль эхийн нэгэн сайхан “бүтээл” байжээ. Ийнхүү өнгөрсөн цаг дээр ярьсан нь учиртай. Ховор ургамал, амьтны баялаг нөөцтэйгөөсөө болоод хомхой сэтгэлтнүүдийн хөлд сүйдэж, экосистем нь доройтсон үзэсгэлэнт газруудын нэг нь энэ юм. Газар зүйн байршлын хувьд Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт сумын нутгийг дамнан оршдог. Эл нуруунд 2007 онд их хэмжээний талбайг хамарсан ой, хээрийн түймэр дэгдсэн нь тухайн бүсийн экосистемд үлэмж хохирол учруулжээ. Зэрлэг амьтад “гэр орон”-оосоо дайжиж, ховор ургамлын нөөц хомсодсон байна. Судлаачид Бөхийн шарын нурууг ойрын хугацаанд улсын тусгай хамгаалалтад авч, экосистемийг нь дэмжих хэрэгтэй гэж үзэж буй. Энэ чиглэлийн томоохон ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн БОАЖЯ-тай хамтран эхлүүлсэн нь “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл. Тэд энэ хүрээнд Бөхөн шарын нуруунд хэдхэн хоногийн өмнө баданга хүдэр нутагшууллаа.
Эл нурууны салбар Урт шивэртийн ам, Тусгал цохио, Шар шувуу, Цагаан шовх, Их, Бага эрээн, Уу, Шар чирэнгэ, Жарантай зэрэг газарт саяхныг хүртэл баданга хүдэр элбэг байсан ч хулгайн анчдын харгайгаар сүүлийн жилүүдэд бараа сураггүй болжээ. Хэдэн судлаач өнгөрсөн зун Архангайд ажиллах үеэр Батцэнгэл сум дахь “Бөхөн шар” нөхөрлөлийнхөн “Одоо ч энд хулгайн ан ихтэй. Халиун бугаа хамгаалахгүй бол хэцүүдэх нь. Эмийн ургамал түүж, бэлтгэх зорилготой хүмүүс ч ийшээ ирдэг” хэмээн ярьжээ.
Төслийн багийнхан урьдчилан судлаад, Эрдэнэмандал сумын нутаг дахь Урт шивэртийн амны Дөрвөлжин хэмээх газарт хүдэр нутагшуулах нь оновчтой гэж үзжээ. Тус амьтан шигүү ойд, бартаа ихтэй газарт нутагладаг учраас энэ бүх шалгуурыг харгалзсан хэрэг. Түүнчлэн байгалийн унаган төрхөө харьцангуй сайн хадгалсан бүс гэж дүгнэжээ. Энэ дагуу МУИС, ХААИС-ийн багш, судлаач, Монгол орны хөхтөн амьтан судлалын нийгэмлэг, “Говийн гайхамшигт амьтад” төрийн бус байгууллагын төлөөлөл, Архангай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор Мухар шивэртийн аманд хүдэр нутагшуулсан аж.
Хүдэр нутагшуулснаар тухайн газарт ямар ач холбогдолтой талаар “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн Биологийн олон янз байдлын хамгааллын зөвлөх А.Баясгалан “Экосистемийн үйлчилгээг дэмжих, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой. Баданга хүдэр нь Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ын II хавсралтад, Олон улсын байгаль хамгаалах холбоо (lUCN)-ны хөхтөн амьтдын ховордлын зэргийг үнэлэх шалгуураар олон улсын хэмжээнд “Эмзэг” ангилалд багтаж, Монгол Улсын “Улаан ном”-д багтсан. Мөн Монгол орны хөхтөн амьтдын “Улаан данс”-нд “Устаж болзошгүй” ангилалд бүртгэлтэй. Өөрөөр хэлбэл, энэ амьтныг хамгаалах нь Монголоор тогтохгүй олон улсын хэмжээний асуудал. Өсгөн үржүүлэх зохистой менежментийг төлөвлөх шаардлагатай. Зүй зохистой менежмент гэдэг нь тухайн зүйл амьтан оршин байх экосистем, биологийн олон янз байдлыг бүрдүүлэх, хамгаалах явдал” гэв. Харин нутагшуулсан хүдрээ хэрхэн хянаж, хамгаалах вэ гэсэн асуултад “Аливаа амьтны тоо толгойг тогтвортой байлгах, хамгаалах хамгийн үр дүнтэй арга нь орон нутгийн иргэд, нөхөрлөл, малчдын оролцоог нэмэгдүүлэх гэж үздэг. Тиймээс нутгийн малчид, нөхөрлөлийн гишүүдийн хяналт, автомат камерын тусламжтайгаар баданга хүдрийг эрсдэлээс хамгаална” хэмээсэн. Түүнчлэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг Дээд хавчигийн нуруунд хүдэр нутагшуулахад нэн тохиромжтой гэж төслийн багийнхан үзэж байгаа гэнэ.
СОНИРХУУЛАХАД:
- Дэлхийн улсуудаас Монгол, Орос, Хятад, Солонгост л баданга хүдэр байдаг.
- 1980-аад оны үед манай орон дунджаар 44 000 хүдэртэй байсан бол одоо 5000 хүрэхгүй үлдсэн гэж Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн цахим хуудсанд бичжээ.
- Хулгайн анчид гирээ буюу эрэгчин хүдрийг авладаг нь түүнээс ялгардаг заарыг авах зорилготой. Тиймээс хүдрийн хүйсийн харьцаа хаа сайгүй алдагджээ.
- Баданга хүдэр судлалаар дагнаж, докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн Монголд ганцхан бий нь Д.Дэлэгням.
- Энэ амьтныг онцгойлон судалдаг хэсэг эрдэмтэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Сэлэнгэ” амралтын баазыг түшиглэн “Ховор амьтдыг хамгаалах хүдэр нийгэмлэг”-ийг байгуулсан нь одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар буй.