Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, орчимд иргэд их хэмжээний мод бэлтгэж, тээвэрлэж буй нь хууль бус үйлдэл байж болзошгүй талаар Монголын загасчлах спортын холбоодын нэгдлийнхэн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Үүнийг олон мянган иргэн цахим сүлжээнд түгээж, “Хөл хориотой, хяналт суларсан үеийг далимдуулан зөрчил үйлдлээ” гэж хардаж байв. Энэ мэдээллийн дагуу Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газраас тодруулахад “Хууль ёсны дагуу ойн цэвэрлэгээ хийж буй” гэв. Тодруулбал, дөрвөн аж ахуйн нэгж дээрх хорооны Дээндий, Хуандай, Их аманд ойн цэвэрлэгээ хийхээр гэрээ байгуулсны дагуу ажиллаж, бэлтгэсэн модоо тээвэрлэж явах үед иргэд зургийг нь авч, цахим сүлжээнд мэдээлсэн байна. Тухайн бүсэд ойн цэвэрлэгээ хийх гэрээ байгуулсан “Сайхан санаа”, “Бужгар адуу”, “Батбаян”, “Мэргэн засаг” зэрэг аж ахуйн нэгж 100 шоо метр тутамд хоёр га талбайг ойжуулж, нөхөн сэргээн, нийслэлийн төсөвт 46 сая төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээжээ.
2020 онд улсын хэмжээнд 38 839 га талбайд ойн цэвэрлэгээ хийлгүүлж, 1.2 сая шоо метр мод бэлтгүүлэх квот тогтоосон бөгөөд үүний 410 га нь нийслэлийн ногоон бүсэд хамаарч байгаа аж. Хотын бүсээс 9100 шоо метр мод бэлтгүүлэхээр баталсныг нийслэлийн Байгаль орчны газрынхан мэдээлэв.