Арванхоёрдугаар сарын 1-нд нэгээс бусад арилжааны банкуудын систем доголдов. Түүгээр барахгүй Монголбанкны сүлжээнд эл доголдол нөлөөлсөн гэдгийг эх сурвалж хэлсэн. Банкуудын холбоо болон Монголбанкнаас энэ талаар тодруулахад сүлжээ доголдсоныг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн билээ. Өөрөөр хэлбэл, банкуудын хооронд мөнгөн шилжүүлэг хийхэд аль нэг банкны гүйлгээ доголдож, бусад банкны сүлжээнд нөлөөлсөн юм байна. Тиймээс бүх банк сүлжээгээ зэрэг хааж, техникийн саатлаа засах, төлбөр тооцоо, гүйлгээг хэвийн горимд оруулах зохион байгуулалт хийжээ. Банкууд жирийн үед өдөрт 800 000 гаруй гүйлгээ хийдэг аж. Ковидын үед энэ ачаалал 50 орчим хувиар багассан байж. Харин энэ сарын эхний өдөр хатуу хөл хориог сулруулна гэх хүлээлттэй байсан иргэд олноороо дэлгүүрүүдээр үйлчлүүлжээ. Улмаар иргэд картаараа хэмжээний гүйлгээ хийснээр банкуудад ачаалал үүсэж, тухайн өдрийн 11.00 цагаас эхлэн сүлжээ доголдож эхэлсэн байна. Дээр дурдсанчлан аль нэг банкны гүйлгээнд доголдол гарч, бусад банкууд сүлжээгээ түр хаасан байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр банкуудын сүлжээ гацсан өдөр 400-500 мянган гүйлгээ хийсний 10 хүрэхгүй хувь нь доголдсон аж.