Монголбанк өнгөрсөн сард 1.7 тонн үнэт металл худалдан авчээ. Улмаар энэ он гарснаас хойш нийт 21 тонн үнэт металл аваад буй нь өмнөх жилийн мөн үеийнхээс 6.5 тонноор илүү аж. Үүний 19.3 тонн нь алт, 1.7 нь цагаан мөнгө юм байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс арваннэгдүгээр сард 106.5, Баянхонгор дахь салбар нь 98.7 кг үнэт металл худалдан авснаар 2020 он гарснаас хойших дүн нь 1.8 тоннд хүрчээ. Тус банк өмнөх сард нэг грамм алтыг дунджаар 170 810 төгрөгөөр авсан байна. Ташрамд дурдахад, 1990 оноос хойш Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ хамгийн өндөртөө (нэг жилийн хугацаанд) 2018 онд 21.9 тоннд хүрч байв. Дээр дурдсанчлан энэ оны эхний 11 сард 21 тонныг аваад байгаа нь 2018 оныхоос давж магадгүйг харуулж буй.