Монголбанк мөнгөний бодлогын хүүг хоёр хувиар бууруулж, зургаад хүргэлээ. Эдийн засагчид түүхэнд байгаагүй бага түвшинд хүрлээ гэж онцолж байна. Хувь хэмжээ нь түүхэнд байгаагүй “нам” үзүүлэлтэд хүрэх нь нэг хэрэг. Харин эдийн засгийн өсөлтөд түүхэнд байгаагүй далайцтай нөлөө үзүүлэх, эсэх нь өөр хэрэг. Бодлогын хүүг бууруулах нь онолын дагуу эдийн засгийг тэлэх бодлого юм. Эл хүүг доошлуулахаар банкууд Төвбанкны үнэт цаасыг худалдаж авах сонирхол буурч, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл гэх мэт эдийн засгийн бодит салбарт зээл олгохыг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл, мөнгө эдийн засгийн бодит сектор луу урсаж эхэлдэг гэсэн үг. Эргэлдэх мөнгөний хэмжээ нь нэмэгдэх тусам эдийн засаг тэлнэ.
Коронавирусийн халдварт цар тахал дэлгэрч, хорио цээрийн дэглэм тогтоосон нь бодлогын хүүг эдийн засагт ямар ч нөлөөгүй болгож буй нь харамсалтай. Шулуухан хэлэхэд, цар тахал эдийн засгийн гинжин хэлхээний хэвийн ажиллагаа, харилцан хамаарлыг тасдаад хаячихаж байна. Онолын дагуу бол бодлогын хүүг бууруулснаар банкуудын зээл олголтын хэмжээ аажмаар нэмэгдэх учиртай. Гэвч коронавирусийн халдварт цар тахал аюул тарьж мэдэх учраас банкууд болгоомжлоод зээл олгохоо танасан. Тэд бага эрсдэлтэй салбарт л зээл олгож байна. Төвбанкны дөрвөн долоо хоногтой буюу нэг сарын хугацаатай үнэт цаасны үлдэгдэл энэ оны эхэнд 4.4 их наяд төгрөгтэй тэнцэж байв. Тэгвэл өнгөрсөн сарын эцэст 7.2 их наяд төгрөгт хүрчээ. Банкууд арваннэгэн сарын хугацаанд Төвбанкны үнэт цаасыг 2.8 их наяд төгрөгөөр худалдан авсан гэсэн үг. Уг нь ийм хэмжээний мөнгө эдийн засгийн бодит секторт шингэсэн бол өсөлт гаргах байлаа. Даан ч “Ковид-19” ийм боломжийг хаасан хэрэг.
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг бууруулахын хамт банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг 2.5 хувиар багасгаж, зургаа болголоо. Банк татан төвлөрүүлсэн төгрөгийн активынхаа тодорхой хэмжээг заавал нөөцлөх үүрэг хүлээдэг. Өмнө нь татан төвлөрүүлсэн төгрөгийнхөө 8.5 хувийг нөөцлөх шаардлагатай байсан. Тэгвэл одоо зургаан хувийг нь нөөцлөх болж байна. Тэгэхээр тодорхой хэмжээний төгрөг заавал байлгах нөөцөөс чөлөөлөгдөж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, чөлөөлөгдсөн мөнгөөр зээл олгож болно. Монголбанкныхан 400 орчим тэрбум төгрөг нөөцөөс суларсныг дуулгасан.
Ийнхүү Төвбанкны бодлогын хүү болон банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг зургаан хувьд хүргэлээ. “Хоёр зургаа”-гийн эдийн засагт үзүүлэх нөлөө хэзээ гарах вэ. Хэрэв энгийн цаг үе байсан бол төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулсан шийдвэр шууд нөлөөлж эхлэх байв. Өөрөөр хэлбэл, шийдвэр гарангуут л банкуудын активаас зээл олгох боломжтой 400 тэрбум төгрөг суларч байгаа. Харин бодлогын хүүг зургаан хувь болгосон шийдвэр хоёр сарын дараагаас нөлөөлж эхлэх байв. Учир нь банкууд Төвбанкны нэг сарын хугацаатай үнэт цаасыг голцуу худалдаж авсан. Сарын дараа гэхэд Төвбанкны үнэт цаасыг худалдаж авсан мөнгөөр өөр санхүүжилт хийх боломж бүрдэнэ. Гэвч дээр дурдсанчлан “Ковид-19” эдийн засагт тэлэх боломж олгохгүй нь тодорхой байна.
“Ковид-19” өвчин хэр өргөн хүрээтэй тархаж, хорио цээрийн дэглэм хэдий хугацаатай үргэлжлэхийг тааварлашгүй. Эдийн засагт тодорхойгүй байдал хамгийн том эрсдэл дагуулдаг. Тодорхойгүй нөхцөлд хийж азаа үзсэнээс, зүгээр суугаад нөхцөл байдал өөрчлөгдөхийг хүлээсэн нь дээр гэдэг дүрэм үйлчилдэг нь бичигдээгүй хууль. Банкууд яг ийм дүрмийн дагуу ажиллаж байна. Тэд жилийн 20 хувийн хүүтэй бизнесийн зээл олговол өндөр ашиг олно. Гэвч зээлдэгч мөнгөө эргүүлэн төлж чадахгүй байх нөхцөл үүсэж мэдэх тул бага хүүтэй ч Төвбанкны үнэт цаасыг худалдаж аваад ямар ч эрсдэлгүй ажилласан дээр гэж үзэж байгаа нь илэрхий.
Манай улс коронавирусийн халдвараас сэргийлэх вакцин худалдаж авч, иргэдийн олонход тарьсны дараа л эрсдэл буурч, эдийн засаг онолын дагуу “ажиллаж” эхлэх нь ойлгомжтой. Засгийн газар ирэх оны долдугаар сар гэхэд иргэддээ аюулт өвчнөөс сэргийлэх вакцин хийнэ гэсэн зорилт тавин ажиллаж байгаа бололтой. Олон нийтэд ч эртхэн вакцин хийлгэчих юм сан гэж хүлээж буй. Тэгэхээр долдугаар сараас хойш л “хоёр зургаа”-гийн нөлөө эдийн засгийг идэвхжүүлж эхлэх нь.
Монголбанкныхан ч иргэдээ вакцинжуулж, хорио цээрийн дэглэмийг цуцалтал зээл олголт нэмэгдэхгүй, тасалдал үүссээр байх болно гэдгийг мэдэж буй. Тиймээс зээлийн тасалдлыг нөхөхийн тулд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацааны санхүүжилт гаргахаар болсон. Тэд өмнө нь 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно гэж ярьж байв. Тэгвэл Мөнгөний бодлогын зөвлөлийн хамгийн сүүлчийн хуралдаанаар шаардлагатай хэмжээний санхүүжилтийг гаргана гэж бодлогоо өөрчилжээ. Уг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд банкуудад олгодог репо санхүүжилтийнхээ хугацааг хоёр жил болгон сунгажээ. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хугацаатай зээл олгоно гэсэн үг.
Одоогоор банкууд эрсдэлээс хамгаалаад томоохон аж ахуйн нэгжүүдэд зээл олгоод бусдад нь хаалгаа нээхгүй байгаа. Иймээс ажлын байр олноор бий болгож, эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг жижиг, дунд үйлдвэрлэлд санхүүжилт олдохоо больсон гэсэн үг. Тиймээс Монголбанкнаас зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, тасалдлыг зогсоохын тулд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус эскпортыг дэмжсэн санхүүжилтийг дэмжих бодлого боловсруулсан нь энэ.
Арилжааны банкууд дээрх хүрээнд багтаж буй аж ахуйн нэгжүүдэд зээл олгоно. Түүнийгээ багцлаад үнэт цаас гаргах юм байна. Монголбанк худалдаж авна. Банкуудын эрсдэлээс болгоомжлоод хүрэхгүй байгаа цэгийг Төвбанк онилж ажиллаж байна гэсэн үг. Банкууд үнэт цаасыг жилийн 8-9 орчим хүүтэйгээр худалдаж авах гэнэ. Харин банкууд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспорт хийдэг компаниудад өөрийн шалгуурын дагуу зээл олгоно. Энэ төрлийн зээлийн хүү бага байна гэж ойлгож болохгүй нь. Банкууд одоогийн жишиг хүүгээрээ л зээл олгох аж. Энэ нь зээлийн хүүг бууруулах биш, тасалдлыг нь зогсоох зорилготой арга хэмжээ гэдгийг Монголбанкныхан тодотгож буй.
Эдийн засгийн хямралын үед ажлын байраа хамгаалах, үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд жижиг, дунд үйлдвэрлэлд санхүүжилт зайлшгүй шаардлагатай. Монголбанкны энэ бодлого “хоёр зургаа”-гаас түрүүлж, эдийн засгийг дэмжих нь ойлгомжтой болов уу. Мөнгөний бодлогыг зөөлрүүлж, эдийн засгийн хямралыг сөрөх бодлогын бодит нөлөөлөл ийм байх хар зураг харагдаж байна.