Сүүлийн жилүүдэд зэрлэг амьтад өвс тэжээл болон бэлчээрийн хомсдолоос болж суурин газар орж ирэх тохиолдол ихсэх боллоо. Өнгөрсөн өдрүүдэд гэхэд нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн. Нийслэлийн Байгаль Орчны газрын ургамал, амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас энэ талаар тодрууллаа.
-Улаанбаатар хотод зээрийн сүрэг орж ирсэн гэх мэдээлэл байна. Хичнээн тооны сүрэг орж ирсэн бэ ?
-Нийслэлд зээрийн сүрэг орж ирсэн бөгөөд 200 гаруй зээрийг хотоос гаргасан. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, “Богдхан уул” Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, “Амьтан асралт” компаний албан хаагчид хамтран явган болон машинаар сүргийг гаргахаар ажиллалаа.
Харин Айдасын давааны хурдны замын чиглэлээр орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойт уулсаар Биогийн чиглэлд орж ирсэн. Одоогоор сүргийг бүрэн гаргаж амжаагүй байгаа бөгөөд дөрвөн байгууллага дахин хүч нэмэгдүүлэн 10 гаруй морь, 5 машин болон явганаар тал бүрээс нь хашиж хотоос яаралтай гаргахаар ажиллаж байна. Мөн байгалийн зэрлэг амьтан учраас амар туугдахгүй байх зэрэг бэрхшээлүүд гарч байгаа.
-Ямар шалтгааны улмаас зээрийн сүрэг суурин газрыг бараадах болов. Та бүхний зүгээс юу гэж үзэж байна вэ?
-Маш олон шалтгаан бий. Тухайлбал, Сүүлийн өдрүүдэд тал хээр газар цас их хэмжээгээр орж хоол тэжээлийн хомсдол үүссэнээс орж ирсэн. Мөн зээрийн сүрэг айлын нохдод туугдан цөөн тоо,сүргээр тасарч орж ирэх тохиолдол байна.
-Зэрлэг амьтад сууршмал газар орж ирэх тохиолдол хэр их байна вэ?
Нийслэлийн байгаль орчны газарт 2018 онд зэрлэг амьтан хотод орж ирсэн тухай 43 удаагийн дуудлага мэдээлэл ирсэн бол 2019 онд тус тоо хоёр дахин нэмэгдсэн. Харин он гарснаар зэрлэг амьтан хотод орж ирсэн тухай 110 дуудлага хүлээн аваад байна. Эдгээр амьтдын ихэнх нь идэх хоол тэжээл болон бэлчээрийн хомсдол үүссэний улмаас хот суурин газар орж ирэх нь элбэг юм.
Харин зарим амьтад нь бэртэж гэмтсэний улмаас хотод орж ирсэн тохиолдол байдаг. 2017 онд Нийслэлийн байгаль орчны газраас Улаанбаатар хот руу орж ирсэн гэмтсэн бэртсэн зэрлэг ан амьтдыг асран тэнхрүүлэх байр байгуулж амьтдыг асран хамгаалж байна.