“Ковид-19” цар тахлын эдийн засгийн хариу арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ажлын байрыг нэмэгдүүлэх, хадгалах, орлого нь тасалдсан бичил бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд анхааран ажиллаж байна. Үүний хүрээнд бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг 24 хүртэл сарын хугацаатай олгож эхэлжээ. Тодруулбал, Дэлхийн банкны “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош бичил бизнес эрхлэгчдэд жилийн 11 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг 24 хүртэл сарын хугацаатай банкаар дамжуулан олгож байна. Нийт зээлийн эх үүсвэр 7.4 тэрбум төгрөг бөгөөд Төрийн банк, ХААН банкаар дамжуулан 5.0-10.0 сая төгрөг хүртэлх зээлийг иргэдэд олгоно. Ковид цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан 2021 оны 6 сар хүртэл зээлийн хүүг жилийн 7.56 хувиар тооцох юм байна. Мөн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд зээлдэгчдийн 30-аас багагүй хувь нь 35 хүртэлх насны залуучууд, 10 хүртэлх хувь нь 60-аас дээш насны иргэд байж болно гэдгийг яамныхан хэлнэ билээ. Үүнээс гадна нийт зээлдэгчдийн 50-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн квот тогтоожээ. Энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон бичил аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийн ХХҮГ-т цахимаар хандаж, дэлгэрэнгүй мэдээлэл авч болох аж.