Монгол орны газар нутгийн онцлог, хэв шинжийг илтгэх гол зүйл нь уудам, цэлгэр тал хээр. Тэр дундаа Дорнод Монголын үзэсгэлэнт нутаг, экосистем ихээхэн онцлогтой. Тал хээрийн энэ бүсэд биологи, газар зүйн хувьд ялгаатай гурван хэсэг нутаг хамаардаг нь Дагуурын уулархаг хээр, Дорнод Монголын өндөр өвст хээр, Хянганы нуруу юм. Эдгээр нь Төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг агуулсан, унаган төрхөө хадгалсан, “жинхэнэ” тал хээрийн үзэсгэлэнт нутагт тооцогддог байв. Тийм ч учраас Дорнод Монголын тал газрыг 2005 онд ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлсэн юм. Энэ тухай ЮНЕСКО-гийн баримт бичигт “Дорнод аймгийн зүүн урд, Сүхбаатарын зүүн хэсгийг хамарсан тус нутаг нь Төв Азийн хялганат хээрийн бүсийг төлөөлөх томоохон экосистем. Амьтны нөөцөөр нэн баялаг бөгөөд тал хээрийн бүсийн “түлхүүр” зүйл болох цагаан зээрийн сүрэг зонхилдог. Хөхтөн, шувуу, хоёр нутагтан болон бусад шавжийн зүйл түгээмэл тархсан. Энэ бүсийг хамгаалснаар дэлхийн хялганат талын экосистем, амьтан, ургамлын нөөц, цагаан зээрийн идээшил нутгийг хадгалахад чухал ач холбогдолтой” гэж онцолжээ.
Дорнын их яруу найрагч Б.Явуухулан “Талбиун болоод цэнхэр” хэмээн тодотгосон, олон арван зохиол, бүтээлд нэр нь дурдагдсан энэ бүс нутгийг хайрлан хамгаалах шалтгаан олон. Монголын нутаг дэвсгэрт харьяалагддаг боловч ач холбогдол нь дэлхийн хэмжээний, хамгааллын асуудал нь олон улсын анхаарлын төвд байдаг гэж судлаач, эрдэмтэд онцолдог. Гэвч Дорнод Монголын тал хээр жилээс жилд гундан доройтож, экосистемийн тэнцвэр нь алдагдсаар байгааг мэргэжлийн судлаачид хүлээн зөвшөөрч, анхааруулах болов.
Дорнод Монголын хээр талыг Дэлхийн өвд бүртгүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд сүүлийн жилүүдэд тууштай ажиллаж буй. Сүүлд гэхэд Монголын шувуу хамгаалах төвийнхөн ХБНГУ-ын “Михаил Зукков” сантай хамтран тус улсын Байгаль орчны яам, ЮНЕСКО-гийн Үндэсний хорооны дэмжлэгтэйгээр дээрх бүсэд экологийн судалгаа хийжээ. Дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд урьдчилсан судалгааг зайлшгүй хийх ёстой аж. Эл бүс уул уурхай, газар тариалан, мал аж ахуйн нөлөөнд хэр өртсөн, унаган төрхөө хадгалсан, эсэхийг нь шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тогтоож, үнэлээд, шалгуур хангасан тохиолдолд бүртгүүлэх боломжтой аж. Энэхүү төслийн үр дүнд үндэслэн судлаачид Дорнод Монголын дархан цаазат газраас Дорнод Монголын хээр, Тосон хулстай, Яхь нуурын орчмыг дэлхийн өвд нэр дэвшүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ оны эхээр эхлүүлж, найман сарын турш үргэлжилсэн судалгааны үр дүнд Тосон хулстайн байгалийн нөөц газрыг л ЮНЕСКО хүлээн зөвшөөрөв. Тус байгууллагын Олон улсын зохицуулах зөвлөлийнхөн өнгөрсөн сард хуралдахдаа 18 орны 25 газрыг дэлхийд данслахад Монголоос зөвхөн Тосон хулстайг Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэж, үлдсэнийг нь “голжээ”. Өөрөөр хэлбэл, унаган төрхөө хадгалсан байх гэдэг гол шалгуурыг Дорнод Монголын тал хангаагүй болж таарав. Ингэж үзэх үндэслэл бийг ч судлаачид хэлж байна.
Дээрх төсөлд оролцсон судлаач “Эмгэнэлтэй дүр төрх тэнд нүүрлэсэн” хэмээн халагласан байна билээ. Тэрбээр “Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт байх Халх таван уул гэж сайхан газрыг УИХ 2019 онд байгалийн нөөц газраар бүртгэсэн ч одоо малын хороо, хэвтэр газар болчихоод байна. Зөвхөн нэг айлын үхэр, адуу нийлсэн 10 мянга гаруй бод малыг тэнд хэдэн өрх хуваан, маллаж байгаа юм. Голын эргээр дүүрэн эндсэн малын сэг зэм. Малын хашаанд явна уу, хялганат хээрт ирээд байна уу гэж эргэлзлээ. Хаа сайгүй аргал, хомоол. Бас нэг бөхийн 10 мянга гаруй үхэр Дорнод Монголын талд идээшилдэг. Тэд яг ямар зорилгоор малаа өсгөөд байна вэ. Арчилгаа, маллагаа сайн бол ийм дүр зурагтай баймааргүй сэн. Гол ус бохирдуулж, тал хээрийг талхлан байж малын тооны араас хөөцөлдөхийн учир юу вэ. Цагаан зээр, хялганат талыг орон нутгийнхаа бэлгэ тэмдэг болгосон дорнодынхон тусгай хамгаалалттай газраа энэ нөхдөөс даруй хамгаалахгүй бол Дорнод Монголд зээр бус, мал, хялгана биш, шарилж л үлдэх нь” хэмээн халаглаж байна.
Малын тоо хэт өсөж, бэлчээр хомсдохын хэрээр малчид өвсний сор, усны эх бараадан нутаг сэлгэх болсон. Үр дүнд нь доройтсон газар, талхлагдсан бэлчээрийн хэмжээ ихээхэн нэмэгдсэнийг сүүлийн үеийн судалгаанууд бэлхнээ харуулж буй. Дорнод Монголын тал хээр, түүний бүрдэл болсон нөөц газрууд үүний бодит жишээ болжээ. Тухайн бүсийн экосистемд “аргамжигдсан” ховор жигүүртнүүд ч дайжих аюултайг судлаачид анхаарууллаа. Тодруулбал, гадаадын шувуу ажиглагч, жуулчдын сонирхлыг татдаг цэн, цагаан, алаг, хар тогоруу, реликт цахлай, хургач бор, монгол бялзуухай зэрэг 38 зүйлийн ховор жигүүртэн тэнд нутагладаг аж.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын газрынхан Хялганат хээрийн экосистем улам бүр доройтсоор буйг хүлээн зөвшөөрсөн. Тэд цахим хуудсандаа “ОХУ-ын нутаг дахь Дагуурын ойт хээр, хээр талд цагаан зээр нутаглахаа болиод хагас зууны хугацаа өнгөрсөн. Монгол Дагуур, Дорнод Монголын тал олон хүчин зүйлийн улмаас хээрийн унаган төрхөө гээж байгаагийн нэг илрэл нь тухайн газрыг чимдэг цагаан зээр харийн нутаг руу түрэн орж буй явдал. Ашиглалт улам нэмэгдэх нь тодорхой болсон энэ бүс нутгийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Дорнод Монгол, Дагуурын бүс нутаг бол цагаан зээрийн идээшил нутаг төдийгүй Монголын нүүдлийн шувуудын дийлэнх нь өндөглөж, зусдаг таатай орчин” хэмээн нийтэлжээ.
Тосон хулстайг ЮНЕСКО-д бүртгүүлсэн тухай мэдээлэл түгэхэд монголчууд хөл хөөр болж байв. Гэвч түүний “ай сав” болсон Дорнод Монголын талыг яагаад дэлхийн өв гэж үзсэнгүй вэ, тухайн хэсгийг бүхэлд нь бүртгүүлэх боломж бий юү гэдгийг сөхөөрөх хүн байсангүй. Хариуцсан байгууллагынхан нь ч энэ талаар ам нээсэнгүй. Угтаа Дорнод Монголын тал цагаан зээрийн идээшил нутаг байх уу, малын бэлчээр болох уу, экосистемийн ач холбогдолтой бүс хэвээр нь хадгалах уу, элсэн цөл болгох уу гэдэг “жинхэнэ” асуудал үүний цаана үлдлээ.
Дорнод Монголын дархан цаазат газрын хязгаарлалт болон хамгаалалтын бүс