БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхэнтэй хамтран “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл” хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд 2019 оноос Бэлчээрийн менежментийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрт говь, хангайн бүс нутгийг төлөөлөн дөрвөн аймгийн 13 сумын 2396 малчин өрх хамрагдаад байна. Тэд 600 мянга га бэлчээрийг доройтлоос гаргахаар нэгджээ. Хөтөлбөрт нэгдсэн Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн мянгат малчин Н.Ганчимэг “Бидний ашиглаж байгаа бэлчээрийг гаднын хэн нэгэн биш, нутагтаа байгаа бид эзэмшдэг. Тиймээс малчид бид л санаачилгаараа малын тоо толгойгоо даацад нь тохируулахгүй бол ирэх жилүүдэд хүрэлцээгүй биш, бүр бэлчээргүй болох аюул тулгарлаа. Манай сумын бэлчээрийн даац 10 дахин хэтэрсэн тухай сонссон. Бэлчээр байхгүй бол би мянган малтай байгаад юу идүүлэх билээ. Тиймээс бэлчээртээ, байгальдаа ээлтэй байх аргыг эрэлхийлж малаа цөөлж байна” хэмээсэн байна. Тэрбээр бэлчээрийн доройтлыг бууруулахын төлөө малаа цөөлөөд зогсохгүй бэлчээрээ зөв зохистой ашиглах алхам хийж эхэлсэн аж. Мөн өөртэйгээ ижил 1000 малтай хоёр малчинтай хамтран “Марааны булаг” нэртэй бэлчээр ашиглагчдын бүлэг байгуулан сумын засаг даргатайтайгаа бэлчээр ашиглах гэрээ байгуулжээ. Гэрээний зорилго нь малынхаа тоог бэлчээрийг гэрээгээр зохистой ашиглах, малынхаа тоо толгойг бэлчээртээ тохируулан жил бүр таван хувь бууруулах ажээ. “Монголын унаган байгалийн хүлцэл, тогворжилтыг хангах нь” төсөл эдгээр малчдын малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, эрсдлийн менежментийг хэрэгжүүлэх, байгалийн нөөц, баялгийг ашиглах, хамгаалах зэрэг чиглэлийг багтаасан төлөвлөгөөнд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.