Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан "COVID-19"-ийн цар тахлын хөл хорионы үед нийслэлд болон зарим аймагт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон билээ. Гэвч цахим орчинд зар нийтлэн согтууруулах ундаа худалдан борлуулах, мөн гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан зэрэг зөрчлүүд гарсаар байна.
Тодруулбал, 2020 оны 11-р сарын 24-25-нд шилжих шөнө Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хамтарсан шалгалтаар цахим сүлжээгээр согтууруулах ундааг худалдан борлуулж байсан долоон зөрчил илрүүлжээ. Албаныхан хууль бусаар худалдаалах гэж байсан 252 литр архи, 1200 литр пиво зэргийг хураан авчээ.
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед гаргасан дээрхи зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.13-р зүйлийн 2 дах хэсгээр зүйлчлэн иргэнийг 500 нэгжээр, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгох эсхүл 7-30 хоног баривчлах шийтгэлийг оногдуулах хуультай.