Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэг дор олон хүнийг бүрэлгэж шатаасан хэрэг өнгөрсөн бямба гаригийн үдэш гарлаа. Тус дүүргийн VI хорооны нутагт, “Ган хийц” компанийн урд оршин суудаг айлын гэр шатаж байна гэсэн дуудлага Шуурхай удирдлага, мэдээллийн төвд ирсний дагуу гал сөнөөгчид хэргийн газарт очжээ. Гэрт гарсан галыг унтраах үед амиа алдсан хүмүүсийн цогцос нурман дундаас олдсон аж.
Тиймээс гал сөнөөгчид цаг даагийн байгууллагад мэдээлэл өгчээ. Цагдаагийн нэгэн ажилтан “Галыг унтраасны дараа цогцсуудыг Шүүх эмнэлэгт хүргэсэн. Өдгөө хэргийг ЭЦГ, УМБГ, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хамтран шалгаж байна. Хохирогчдыг хэн болохыг тогтоож хараахан амжаагүй байна” гэлээ. Энэ мэдээллийн дагуу “Ган хийц” компанийг зорьсон юм. Хэргийн газарт биднийг очиход Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хэргийн газрыг хамгаалалтад авч, үзлэг хийж дуусаагүй байлаа.
Хэрэг гарсан айл хашаагүй, жалганы эрэг дээр амьдардаг байж. Тэнд шатсан гэрийн мод, эд хогшил л хөглөрч байв. Амиа алдагсдын цогцсыг шөнө нь шүүх эмнэлэгт хүргэсэн аж. Цагдаагийнхан шатсан гэрийн буурийг хашаалан тууз татсан байв. Хэргийн газрыг хамгаалж буй цагдаа нартай уулзахад “Одоо ямар ч мэдээлэл өгөх боломжгүй. Та нар Цагдаагийн хэлтэс рүү очиж, дарга нартай уулз” гэсэн юм. “Уг айл энд буугаад нэг их удаагүй. Өнгөрсөн хавар “Ган хийц” компанийн хашааны урд хэсгийг тэгшилж байгаад буусан. Гэрт нь хэдэн хүн байдаг, хаана, ямар ажил хийдгийг ч мэдэхгүй. Бид хажуугийн тоосгоны үйлдвэрт ажилладаг байх гэж боддог. Тэднийхэнтэй нэг ч удаа ярилцаж байгаагүй” гэж хажуу айлын нэгэн хүн ярив.
Өөр нэгэн хүнтэй уулзахад “Бямба гаригийн 18.00-19.00 цагийн хооронд энэ хэрэг гарсан. Бид айл шатаж байгааг ч мэдээгүй. Гал унтраах машин дуугарахаар нь гарч хартал айл шатаж байсан. Тэнд ямар хүмүүс амьдардгийг сайн мэдэхгүй. Цөөхүүлээ л харагддаг шүү дээ. Өнөө өглөө сонсох нь ээ олон хүнийг хөнөөсөн байсан гэнэ лээ. Их л архи уудаг бололтой юм билээ” хэмээв. Нэлээд хугацаанд ойролцоох айлын хүмүүстэй уулзаж яваад эргэж ирэхэд хэргийн газрыг хамгаалсан цагдаагийн ажилтнууд, шинжээчдийнхээ хамтаар явж, машин нь эвдэрсэн бололтой цагдаагийн хоёр алба хаагч тэнд микро автобусаа сахиад хоцорсон юм.
Машинд нь энгийн хувцастай хоёр хүн суусан байв. Тэдний араас Сонгинохайрханы Цагдаагийн хэлтэст очиход уг хоёр хүнээс тайлбар, мэдүүлэг авахаар нэгэн байцаагчийн өрөөнд авч оров. Есөн хүний амь нас хохирсон хэрэг гарсан тул тус хэлтсийн бүрэлдэхүүн бараг бүгдээрээ шахам дуудагдан ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн уг хэр - гийг илрүүлэхэд мэргэжлийн удирдлагаар хангахаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа А.Дулаанжаргал тэргүүтэй ал - баны хүмүүс очсон байв. Тэд тус хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Болдбаатарын өрөөнд хурал - даж, ажилтнууддаа үүрэг чиглэл өгч байсан.
Тус хэлтсийн ОНХТийн ахлах байцаагч, хошууч Б.Оюунчимэгтэй уулзахад “Энэ хэргийн талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Эзэн холбогдогчийг нь тогтоохоор ажиллаж байна. Хэрэг гарсан айлд дөрвөн эмэгтэй, дөрвөн хүүхэд, нэг эрэгтэйн цогцос байсан. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхөн өгөх байх” гэлээ. Өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр “Гэмт этгээд өвчтэй, хэвтэрт байдаг хүүхдийг нь хутгалаагүй байсан гэнэ.
Харин үлдсэн гурван хүүхэд, дөрвөн эмэгтэй, нэг эрэгтэйг тус бүрийг нь хоёроос дээш удаа хутгалж амь насыг нь хохироосны дараа гэрийг гаднаас нь галдсан бололтой” гэв. Тус дүүргийн прокурорын газрын эх сурвалжтай холбог - доход “Сонгинохайрхан дүүргийн VI хорооны нутаг, Тоосгоны 24 дүгээр гудамжны задгайд суух эмэгтэй Б-гийнд нэг дор есөн хүний амь насыг хохироосон онц ноцтой хэрэг гарсан нь үнэн. Хэрэгт харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор хяналт тавьж байгаа. Тиймээс бид энэ хэргийг шалгах ажиллагаанд оролцоогүй” гэлээ.
Ханын материалын эцэст байрлах Сонгинохайрхан дүүргийн VI хорооны ажилтнуудтай уулзаж, уг хаягт хэчнээн хүн амьдардгийг тодруулахад “Б гэдэг эмэгтэй хүүхдүүдтэйгээ амьдардаг. Уг айлд гурван хүн бүртгэлтэй байна” хэмээв. “Энэ хаягт гурван хүн амьдардаг гэх бүртгэл байгаа ч амиа алдсан хүүхэд, эмэгтэйчүүд бүгд энэ гэрт байдаг бололтой. Харин эрэгтэй нь гэрийн эзэгтэй Б-тэй холбоотой байсан байж болзошгүй юм билээ” гэж өөр нэгэн ярив. Нийслэлийн прокурорын газрын нэгэн эх сурвалж “Манайх хэрэгт хяналт тавьж байгаа.
Одоогоор сэжигтэн холбогдогчийг олж тогтоогоогүй. Уг айлд нэг эрэгтэй, дөрвөн эмэгтэй, дөр - вөн хүүхэд байсан нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ, хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон. Дөрвөн эмэгтэйн нэг нь насанд хүрээгүй юм шиг байна лээ. Нэгээс бусдыг нь хутгалж хөнөөсөн байсан нь шинжилгээгээр тодорхой болсон. Цагдаагийн байгууллага холбогдох бүхий л ажиллагааг хийж байна” гэсэн юм. Хэргийг хэн, ямар шалтгааны улмаас үйлдсэн нь тодорхой болоогүй байв.
Бидэнд олдсон мэдээллээр уг хаягт гурван хүн бүртгэлтэй, харин зургаа нь гаднаас ирсэн хүмүүс байжээ. Амиа алдагсдын нэрийг бүгдийг нь хурууных нь хээгээр тогтоосон бөгөөд бүгд шинэчилсэн бүрт гэлдээ хамрагдсан байсан нь хэн болохыг тогтооход дөхөм болсон аж. Амиа алдсан эрэгтэйг Ш.Ж гэдэг Архангай аймгийн харьяат хүн байв. Ш.Ж нь Баянзүрх дүүрэгт гараад нэлээд хэдэн жил илрэхгүй байгаа хүн амины хэрэгт холбоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл ч бидэнд олдсон юм.
Зарим эх сурвалж олон хүнийг хөнөөсөн хэргийг ганц хүн хийгээгүй байх гэж үзэж байсан юм. Уг хэрэгт холбогдуулж хэд хэдэн хүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тодорхой үр дүнд хүрээгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Дугаар шилжих мөчид “Уг хэрэгт холбоотой сэжигтнийг саатуулсан, байцаалт дөнгөж авч байна. Тодорхой болохоор нь мэдээлэл өгье” гэж цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлсэн юм.
Г.РАВЖАА