Цар тахлыг дотооддоо алдсантай холбоотой банкны үйл ажиллагааг түр зогсоож, банкууд цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа билээ. Тэгвэл банкны үйл ажиллагааны талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тодрууллаа. Тэрбээр, "Нийт банкны салбараас нэг сая 366 мянган зээлдэгчдэд 17.2 их наяд төгрөгийн зээл олгосон. Үүнээс 9.2 их наяд төгрөг нь хэрэглээний буюу иргэдийн зээл байна.
Энэ сарын 10-наас хойш банкны салбар цахимаар ажиллаж байгаа. Өнөөдрийг хүртэл картын, бага дүнтэй, их дүнтэй гээд бүх төлбөр тооцоог хэвийн гаргаж байна. Сүүлийн 10 хоногоос харахад өдөрт дунджаар сүүлийн 584 мянган ширхэг картын гүйлгээ гарч байна. Мөнгөн дүн нь 14.8 тэрбум төгрөг. Нийт 4,300 АТМ машин ажиллаж иргэд бэлэн мөнгө гаргаж авч байна. Дундаж дүн нь 2.8 сая төгрөг.
Их дүнтэй гүйлгээний өдрийн дундаж нь 5 их наяд төгрөг байгаа. Хорио цээрийн дэглэмийн үед цахимаар төлбөр тооцоо хэвийн хийгдэж байна.
Арилжааны банкууд хаалгаа нээхэд бэлэн байгаа. Гагцхүү Улсын онцгой комиссын шийдвэрийг хүлээж байна Иргэдийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэхгүй байх үүднээс банкууд найм хоногийн хугацаанд хаалттай байна. Халдвар хамгааллын дэглэм сахих, хэдэн цаг ажиллах вэ гэдгийг банкууд боловсруулсан ” гэж хэлэв.