УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурорууд улсын хэмжээнд өнгөрсөн хоёр жилд гарсан, Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг шийдвэрлэсэн байдал, шалтгаан нөхцөлийг судалжээ. Тус хэлтсийн хяналтын прокурор М.Батхишигээс энэ талаар тодрууллаа.
-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд сүүлийн хоёр жил өссөн байна уу?
-УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг улсын хэмжээнд 2019 он, 2020 оны эхний найман сарын байдлаар судалж, дүнг нь нэгтгэлээ. Аймаг, нийслэл, дүүргийн Прокурорын газруудад дээрх төрлийн хэрэг 2019 онд 688, 2020 оны эхний найман сарын байдлаар 665,нийт 1353 үйлдэгдсэнийг бүртгэжээ. Гарсан нийт хэргийн 43.1 хувийг хууль бусаар мод бэлтгэсэн, 33.1-ийг нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 11.7-г хууль бусаар ан агнасан, таван хувийг байгалийн ургамал хууль бусаар бэлтгэсэн, 3.3-ыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулсан, 2.9-ийг ой хээрийн түймэр тавьсан гэмт хэрэг эзэлж байна. Мөн байгаль орчныг бохирдуулсан найм, байгалийн тэнцэл алдагдуулсан нэг гэмт хэрэг гарчээ.
-Энэ төрлийн гэмт хэрэг аль бүс нутагт түлхүү үйлдэгдэж, хэчнээн хүн холбогдов?
-Хэрэг гарсан газар нутгийг судлахад Сэлэнгэ, Булган, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймагт түлхүү үйлдэгдсэн байна. Судалгаанаас үзэхэд, хууль бусаар ашигт малтмал олборлосон хэрэг урьд оноос 37.7 хувиар өссөн. Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Ховд, Дорноговь, Өвөрхангай, Дундговь аймагт газрын гадарга дээр болон хэвлийд байгалийн баялаг ихтэй, уул уурхайн олборлолт, хайгуул их явуулж хөндсөн учраас энэ төрлийн гэмт хэрэг олон гарчээ.
Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Завхан аймаг ойн сан бүхий газар нутагтай учраас хууль бусаар мод бэлтгэсэн хэрэг их байна. Тэр дундаа Архангай аймагт энэ төрлийн хэрэг урьд оноос 32 хувиар өсжээ. Хууль бусаар ан агнасан хэргийн дийлэнх нь ховор, нэн ховор амьтны тархац элбэгтэй Ховд, Баян-Өлгий аймагт байгаа бөгөөд Өвөрхангай аймаг, Сонгинохайрхан дүүрэг дэх хяналт шалгалтын постод тухайн төрлийн гэмт хэргийн ихэнх нь илэрсэн байгаа юм.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт 2019 онд 256, 2020 оны эхний найман сарын байдлаар 463, нийтдээ 719 хүн, 42 хуулийн этгээд холбогдон шалгуулжээ. Тэдний 20.8 хувь нь 18-30 насныхан, 41.7 нь 31-40, 37.4 нь 40-өөс дээш настай хүмүүс байна. Энэ иргэдийн 80.9 хувь нь ажилгүй, 10.7 нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн дүн гарлаа. Хэрэгт холбогдсон хүмүүсийн 32.6 хувь нь ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох үйлдэлд, 45 нь хууль бусаар мод бэлтгэсэн үндэслэлээр шалгуулжээ.
Харин хуулийн этгээд буюу аж ахуйн нэгжийнхнийг байгаль орчныг бохирдуулсан, ашигт малтмал хууль бусаар хайсан, ашигласан, олборлосон, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулсан, хууль бусаар мод огтолсон, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэх үндэслэлээр шалгасан байна.
-Байгаль, экологид хэдий хэмжээний хохирол учирч, хэчнээнийг нь нөхөн төлүүлсэн бол?
-Прокуророос 2019 онд хүрээлэн буй орчны эсрэг 300, 2020 оны эхний найман сард 295 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ. Үүнээс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд экологид учруулсан 361 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна. Үүний 116 сая гаруй нь хууль бусаар мод бэлтгэсэн хэргийг шалгах явцад хэрэгт холбогдогчид төлсөн нь дээрх бүх хохирлын 50 хувийг эзэлж байгаа юм.
Ашигт малтмал хууль бусаар хайсан, ашигласан, олборлосон хэргийн улмаас 2019 онд 1.2 тэрбум, 2020 оны эхний найман сарын байдлаар 275 сая төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 43 саяыг төгрөг нөхөн төлжээ. Энэ нь нөхөн төлсөн нийт хохирлын 19 хувийг л эзэлж байна. Прокурорын байгууллагаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гарган 95 сая төгрөг буруутай этгээдүүдээр төлүүлэхээр шийдвэрлүүлсэн. Харамсалтай нь, энэ төрлийн гэмт хэргийн улмаас дөрвөн хүний амиа алдаж, зургаан хүний эрүүл мэндэд хохирол учирчээ. Тухайлбал, хууль бусаар ашигт малтмал хайж, олборлосон, хууль бусаар ан агнасан, ой, хээрийн түймэр тавьсан гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон байгаа юм.
Шүүхээс хүрээлэн буй орчны эсрэг гэмт үйлдсэн хүмүүст ял оноохдоо 41.8 хувьд нь торгох, 51.1-т нь хорих ял шийтгэхгүйгээр тэнсэж, 3.1-ийг нь нийтэд тустай ажил хийлгэх, 3.7-д хорих ял ногдуулжээ.
-Байгаль орчны эсрэг гэмт хэрэг буурахгүй байгаагийн шалтгаан юу вэ?
-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн 81.5 хувийг эрхэлсэн тодорхой ажилгүй хүн үйлдсэн нь хэрэг үйлдэгдэх гол шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй иргэдийн 50 орчим хувь нь хууль бусаар мод бэлтгэсэн, 30.3 нь хууль бусаар ашигт малтмал хайж, олборлосон хэрэг үйлдсэн нь байгалийн баялгаар мөнгө олох, амьдралын хэрэгцээгээ хангах зорилгын үүднээс хэрэг үйлдэх шалтгаан болжээ гэж дүгнэсэн. Нөгөө талаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг өмнөх оноос өссөн нь ЦЕГ-т Экологийн цагдаагийн алба гэх шинэ бүтэц байгуулж энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирсантай холбоотой.
Прокурорын байгууллагаас дээрх судалгаанд үндэслэн ирэх сард Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба зэрэг байгууллагатай хамтран энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах, прокурор, мөрдөгчдийн албан хэрэгцээнд зориулан гэмт хэрэг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлаар цуврал ном гаргахаар төлөвлөсөн.