Сүхбаатар дүүргийн шүүхээс “Доён” хочит У.Болдод хоёр жил дөрвөн сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Тэрбээр 2004- 2006 онд “Төв Азийн хөрөнгө оруулалт” хадгаламж зээлийн хоршооны захирал Г.Сүрхийсайханаас 400 сая төгрөг залилан авч түүгээрээ байр, машин худалдан авсан. Улмаар зээлээ төлөхийг шаардсан хадгаламж зээлийн хоршооны гишүүдийг буугаар сүрдүүлэн танхайрсан.
Энэ асуудалд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх үед У.Болд хуурамч бичиг баримтаар ОХУ руу оргосон гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн аж. Түүнд шүүхээс таван жил дөрвөн сар хорих ял ногдуулж, 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу гурван жилийг нь хасаж, дээрх ялыг ногдуулахаар шийдвэрлэжээ.
У.Болд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах гомдол Нийслэлийн шүүхэд гаргасан бөгөөд уг хэргийг тус шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Г.Орчлон