Ховд аймгийн бүхий л дарга, удирдлага холбогдсон гэх эрүүгийн хэргийн шүүх хурал удаа дараа хойшилж байна. Эл хэрэгт Ховд аймгийн Засаг даргаас авхуулаад Цагдаагийн газрын дарга, хотод хариуцлагатай алба хашиж буй хүмүүс, гадаадынхан оролцсон гэдэг. Хэргийн тухай эргэн сануулахад, нэр бүхий иргэд бүлэглэн Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо III багийн нутаг дэвсгэр дэх улсын тусгай хамгаалалтад авсан Цагаан Эргийн Мянган угалзат нурууны байгалийн цогцолборт газраас хууль бусаар гянтболд олборлосон аж. Хамгийн гол нь тэд “Өгөөжтэй Өв” ХХК-ийн нэр дээр тус газарт нөхөн сэргээлт хийхээр бичиг баримт бүрдүүлэн уг хууль бус ажиллагаагаа халхавчилжээ. Цагаан Эрэг нэртэй уг газрыг УИХ-ын 2002 оны 39 дүгээр тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авсан. Бүлэглэлийн гишүүд уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, олборлосон гянтболдоо хяналтгүй тээвэрлэхийн тулд бусдад хээл хахууль өгч байсан гэх. Б.Үнэнбат, Р.Баатархүү нарын 30 хүнд нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.5-2 буюу хахууль өгөх, 22.4-1 дэх хэсэгт заасан хахууль авах, 18.6-3 дахь хэсэгт заасан мөнгө угаах, 20.3-1 дэх хэсэгт заасан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, түүнд элссэн зэрэг зүйл ангиар ял төлөвлөжээ. Тэдний гэм бурууг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцэх байсан ч шүүгдэгч Да.Пүрэвдорж өвчтэй, мөн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлууллаа. Шүүх хурал ирэх сарын 1-ний 08.30 цагт болно.