-Бядан явагчийн бядуухан тэмдэглэл-
Алсын ухаант дээдэс нь
Алганы хээгээ тамгалсан
Ашдын билигт Чингис нь
Аяны мөрөө түүхэлсэн
Монгол Алтайнхаа зүрхнээ
Молроор солонгорсон Тонхил оо...
Өврийн дэвтрээс
Төмөр нохой жилийн намрын адаг улаан нохой сарын дундуур бөлгөө. Нэгэн өглөө Говь-Алтай аймгийн Тонхил сумын Соёлын төвийн эрхлэгч Батсуурь утасдаж байна. “Аким гуай нөгөө зургийг олсон шүү. Уулзмаар байна” гэв. “Хүүе чи хаана яваа юм бэ” гэж дуу алдахад “Улаанбаатарт байна. Биеэ эмнэлэгт засварлуулах, машинаа бас эмчлүүлэх гээд жаал зугаа ажлаар орж ирсэн” гэлээ. “Зураг хаана байна вэ” гэж яаран асуувал байгаа газрыг хэлээгүй боловч зургийг ийм тийм гээд яг тодорхойлох юм аа.
Энэ нь миний гурван жилийн өмнө “Танай Тонхилд л байх шиг байна, олохыг бодоорой” гэж түүнд захисан зураг л даа. Бас л намтартайхан олдож буй зураг юм. Ийм зураг байдаг тухай Говь-Алтайн зохиолч Чардагт Тонхилын нэг хүн хэлсэн бололтой юм. Тэр Чардаг нь миний найз зохиолч Пүрэвдоржид хэлжээ. Пүрэвдорж над дуулгасан хэрэг. Би Батсуурьт хэлжээ. Батсуурь цааш захижээ. Ингээд л гинжин урвал гэдэг шиг юм болсон гэхэд хилс үл болох. Өөрөөр хэлбэл, эрлийг сурлаар гэдэг л юм уу даа. Тэгсэн Батсуурь маань яг өөрөө ч олоогүй, нутгийн хэдэн хүүхэд зугаалж яваад олсныг нь над дамжуулсан аж. Тэр залуусын нэг нь түүний машинд сууж, хот орж ирсэн юм байна л даа. Ингээд зургийг нь фэйсбүүк гээчид тавьсныг Батсуурь түүнээс “Над руу илгээчихгүй юү” гэж гуйгаад, гар утсандаа хийж авуутаа л над руу утасдсан нь тэр юм байна. Сайхан шүү, манай хөдөөнийхөн, нөхөрлөлдөө туйлын үнэнч. Маргааш нь над гэнэтхэн мэргэн шийд төрж, би түүн рүү утас цохиж, “Чи машиндаа хэдүүлээ явж байна, хэзээ буцах вэ” гэж түншлээ. Тэгсэн нь “Би авгайтайгаа, жаал охинтойгоо яваа. Хоёр дахиас буцна” гэж байна. Тэгэхэд нь уухайн тас л “Би чиний машинд дайгдъя. Хоёул явж үзье” гэсэнд Батсуурь маань хаширлаж “Та зургийг үз. Биш байвал таныг чулуу хөөлгөж, тэр хол аваачаад яах вэ” гэхэд нь “Төв талбай дээр уулзъя” гэж болзоод, хоёул уулзсан даа. Бид бие биенээ зүс үзээгүй, утсаар л гурван жил ярьсан хоёр. Гэвч ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг болохоор бие биеэ танилгүй яах вэ. Хоёр баяртай амьтан инээлдсээр уулзаад, Батсуурь маань гар утсандаа хадгалсан зургаа үзүүллээ. Дүрээрээ дээ!
Уул нь ийм юм л даа. Хэдэн жилийн өмнө би доктор Yuval Noah Harari гэдэг хүний “Sapiens. A Brief History of Humankiad” номоос Францын Chau¬vet-Pont-Arc агуйн хананаас олсон зосон алганы зураг нийтэлснийг үзэж, одоогоос 30 000 жилийн өмнөх гэж тайлсан байсныг анх уншсан юм. Чингэхэд дэлхийн хөгжил нэг л түвшинд явсан юм чинь ийм зураг Монголд байх ёстой гэж тархинд харваж билээ. Чингэтэл “Зосон зургийн хойноос жаран гол гатласан аян” номын нээлтийн үеэр Пүрэвдорж маань Тонхилын нэгэн агуйд ийм зураг буйг надад дуулгасан нь тэр. Сураг ажиг тавьсан түүх ингэж эхэлсэн сэн. Гэтэл ноднин Алашад явж байхад тэндхийн судлаач Цогт гурвын гурван агуйгаас 10 гаруй алганы хээ олсон тухайгаа хэлж, над зургийг нь найр тавин барьсан. Алаша уг нь монгол нутаг л лаа. Гэвч түүхийн нугачааны эрхээр гаднын газар гэж нэрлэгдэх болж. Ер бол монгол хүн сууж буй газар бүхэн Монголын нутаг л даа. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэхэд, Халхын хавтгай дээрээс ийм зураг заавал олдох л ёстой гэсэн бат итгэлтэй болж билээ, тэгэхэд. Тэгтэл өнөө!...
Ингээд л Батсуурийнхаа машинд тухалж аваад Улаанбаатараас гарлаа. Батсуурь замдаа “Тонхилыг “Хөгшин хүн нутаглаж баймаар, хөгшин тэмээ хөлбөрч баймаар нутаг даа” гэж өвгөд ярьдаг сан” гэж хуучлах. Эхлээд Дарвийн сунагар нурууг Улаан сайрын даваагаар давлаа. Сутай их хайрхан ч цас мөсөн зулайтай бөмбийж үзэгдлээ. “Сутай хайрхан маань хэвтэж буй сарлагийн дүртэй гэдэг юм. Савдаг нь хөх сарлаг унасан эмэгтэй байдаг. Манай уул эм хүнд ээлтэй гэдэг юм” гэж бас хөөрөх. Сарлаг сүүтэй мал. Иймээс “Сүүт” гэж нэрлэх ч бий гэх. Ийн монгол хүний сэтгэмжийн уранд биширч, үлгэрийнх нь гайхамд уярч явангаа их хайрхны зургийг дарж явлаа. Эндхийн нэгэн залуу Манжийн цэрэгт алба хашаад, цэргийн хугацааг дуусган, гурван морьтой нааш гарч гэнэ ээ. Тэгтэл сулин хээр морь нь замдаа говьд бахардаж унаж л дээ. Тэр газрыг Сулинхээр гэдэг болсон гэнэ. Арвагар хээр морь нэлээд нааш явж байгаад их талд бас үхсэн аж. Тэр газрыг Арвагар хээрийн тал гэдэг болж. Дарвигар хээр морь энд, ууланд ирээд бас үхжээ. Ингээд энэ нурууг Дарвигар хээрийн нуруу гэх болжээ. Замдаа зүгээр байсангүй, Дарви сумын иргэн Д.Ганхуягтай уулзаж, ийм сонин домог яриулж, хоёр дэлдгэрээ мялаагаад, энэ нутгийн нэртэй зохиолч Пүрэв агсны өөрт минь аминчлан захисан нэгэн хадны зураг олох аян замын аяс нэг л таарч өгөхгүй байсаар өдий хүргэснээ түүнд хэлж, тэр хад хэр хол байдгийг асуувал “Эндээс 28 км” гэвэй. Гэвч нөхөр маань “Чи заавал тэр зургийг олдог юм шүү, солир дээр сийлсэн байдаг юм, тийм хатуу юман дээр яаж сийлснийг мэдэхгүй. Чи бичээрэй, ээ чи...” гэж хоёр ч уулзахдаа над хэд хэд хэлсэн сэн. Энэ нь түүний гэрээс байсныг тэгэхэд би мэдсэнгүй. Энэ удаа гэрээсэлсэн хадных нь хажууд ирчихээд, хайлгүй яваад өгвөл нөхрийн хуншгүй юм болно. “Цагаан”-ыг хамт шимж суудаг л байсан “цагаан Пүрэв” найз маань дэргэд алга, тэнгэрийнхээ оронд заларчээ. Гэвч Хөхдэй мэргэн одон дээрээс намайг халиаж ч байгаа юм бил үү, Хатагины муу цагаан чоно хадыг минь үзэлгүй хажуугаар нь гараад явчихлаа шүү гэж гомдох ч юм бил үү. 20 гаруйхан км гэхээр тэр залуугаа дайчлан, эрэлд мордов. Замдаа хойд талын шовх уулыг зааж “Хараат уул гэдэг юм. Пүрэв баавайн маань унасан газар. Тэндхийн бууцанд тоглож өссөн юм билээ” гэснээ өмнө шовойх бас нэг уулыг зааж, “Үүнийг Товх хайрхан” гэдэг юм. Энэ хоёр уулан дээрээс шилийн сайн эрс бие биедээ дохио өгдөг байсан юм гэнэ билээ” гэж хуучилсан. Бидний очих гэж яваа газар уг нь Ганхуягийн нутаг, багадаа хонь хариулж, сүүдэрт нь унтаж, тоглож явсан хад гэнэ л дээ. Гэвч энэ удаа мань эр жаахан будилав. Олдоггүй ээ, толгодын оройгоор хэжиж хайв, болдгийн бэлээр хажиж бэдрэв, гэвч мотоциклтой нутгийн малчдыг дуудаж баймааж нь олсон л доо. Гол нь олсон. Тэр нь солир ч биш юм аа, эртний хүмүүсийн зураг сийлдэг тэр л чулуу байна. Өөрөөр хэлбэл, фелзит гарлын хад юм. Төмрийн исмэг тогтсон учир хар өнгөртэй гялтганаж байдаг аж. Хонхойлоход цагаан өнгө цухуйдаг. Бас дуугардаг. Цогт хун тайжийн бичээс буюу Дуутын хадны бичээс яг ийм хадан дээр буй. Хэвтэж буй сарлагийн бухын чинээ том чулуунууд ажээ. Голдуу янгир. Бас үүлэн борооны явдал үйлдэж буй хоёр. Мөн зуузай тамга хоёр, саран тамга хэд хэд байна аа.
Тэндээс бид Ихэсийн нуурыг хөвөөлөн, Тонхилын толинг зорьсон юм. Тонхилын нуурт орсон холбоотой хоёр тугал Ихэсээс гарч ирсэн гэнэ. Үдэш нэгэнт болсон ч Тонхилд очоод, цаашаа Алтансоёмбо багийн төвд очиж хонохоор хөдөллөө. Энэ удаа Батсуурийн хүү Баянжаргал жолоо мушгив. Батсуурийн цагаан “Прадо”-гийн хөдөлгүүр жигдхэн хүнгэнэж, гучаадхан км яваад, Хятадын газар луу Монголын нүүрс зөөдөг цардмал замд орон жийгүүлж гарлаа. Энд Барлагийн сүрлэг хавцлаар Барлагийн давааг давж буй ажээ. Алтансоёмбо багийн ойролцоо намаржиж буй Л.Бат-Очирынд шөнөдөж хүрлээ. Орой болсон ч бид хуучилсаар шөнө дүлийг өнгөрөөв. Нас 71-ийг зооглож яваа тэрбээр 70-80-аад чоно, 150 орчим бэлтрэг суйлсан мундаг анчин аж. Мундаг ч гэж дээ, миний тэнгэрийн нохойг л намнадаг хүн юм байна. Гөрөөчин хүн учраас газар усаа ч сайн мэдэх юм аа. Аанай л миний бие Алтайн өврөөрх Чингисийн замыг мөшгөх гэж түүний хэл амыг сугаллаа. “Монголын нууц товчоо”-нд Чингис хаан Найманы Буйраг ханыг Алтай давуулан нэхлээ” гэж гардаг юм. Энэ Алтайн өврөөр Ээж хайрхнаас наашлахдаа Алтайн ямар нуруу давсан байх вэ” гэж түүнээс асуулаа. Чингээд бид газрын зураг үзэж байгаад тогтож ярилаа. “Хөвчийн нуруу” л байна даа” гэж тэрбээр баталгаатай хэлэв. Гэтэл газрын зураг дээр “Хөвчийн нуруу” гэсэн үг байхгүй. Монгол Алтайгаас урагш салбарласан их нурууг газрын зураг дээр зурсан нь бий л дээ. Чингэхдээ миний авч яваа зураг дээр өвгөний хэлсэн нэр байсангүй. “Мэдээж, Буйраг хан ч гэр орон, ачаа бараа, мал хуйтайгаа зугтсан байж таарна, чингэхлээр ус бараадна. Говь руу гүн орж хатаж үхэхийг хэн ч бодохгүй. Чингэхлээр Алтайн бэлийг л бараадсан байх ёстой. Ээж хайрхнаас нааш ямар ямар гол ус замд нь таарах вэ?”. “Усгүйднэ гэж байхгүй. Их Алтайгаас маань эх аваад говийнхоо хөрсөнд шингэдэг олон гол байгаа. Тухайлбал” гээд Бат-Очир маань 7-8 голын нэр дурдлаа. Газрын зураг дээр тэмдэглээгүй ч гол усны нэр хэлж байх юм. Энэ нь өөр номд минь орохын учир энд нуршин тоочихыг болив.
Өглөө болжээ. Тэнгэр бүүдгэр. “Өнөөдөр тэнгэр муудах нь ээ” гэж Бат-Очир маань хэлж байна. “Тэнгэр муудахгүй ээ” гэж би мэдэмхийрэв. Чингэж мэдэмхийрсэн минь шөнө морь харахад үүлсийн цоорхойгоор одод даанч адтай гялалзаж байсныг харсных. Алтансоёмбо багийн төв орлоо. Тэнд мөнөөхөн зургийг үзсэн залуучууд бий. Тэднээр газарчлуулах ёстой. Өчигдөр орой нааш гарахын өмнө Батсуурь маань ярьж, зураг үзсэн залуучуудыг авч явахаар болох шиг болсон. Үнэхээр л мотоциклтой дөрвөн залуу яг таг “гозойж” байлаа. Эд маань дээш нь биднийг мотоциклоороо дөхүүлж өгөх юм. Манай машинд нэг эр нэмэгдэж суусан нь тэндхийн чацарганач Р.Болд. Мэдээж Бат-Очир бидний машинд яваа. Тэд хоёул манай Батсуурийн гэргийн ойрын хамаатан улс аж. Тэдний хэн нь ч уг зургийг үзээгүй гэх. Гэвч Хөх булгийн рашаан дээр очиж байсан, тийш зам мэднэ. Залуучуудыг мотоциклтой тийш очсон гэхээр тэд итгэж ядна. Гэвч тэдний нэг нь бүүр хоёрхон хоногийн өмнө тийш очсон гэнэ. “Энэ зун үүгээр гандуу байв уу даа, халцгайдуу байна. Байрыг харахад” гэвэл “Баян, уран хоёр байхад болно доо, болно” гэж Бат-Очир, Болд хоёр ам уралдах шахам хариулах. “Тэр юу гэсэн үг вэ” гэж асуухад “Алтай минь баян, мал маань уран хошуутай” гэсэн л утгатай юм даа” гэж Батсуурь тайлбарлах. Мөн “Та нар ямар овгийнх вэ” гэхэд “Урианхай л гэдэг юм. Сайн мэдэхгүй” гэх. Тэгтэл миний дотор “Арваад жилийн өмнө Ховдын нэгэн яруу найрагч Дарвийн нуруунд урианхай нар ирсэн түүхээ онтой бичиж үлдээсэн юм гэнэ билээ” гэж хэлсэн нь сэрхийлээ. Түүнээс сэмхэн сураг тавивал сураг бас л гараагүй. Нөгөө хэлсэн хүн маань ч мэдэхгүй байсан. Говь-Алтайн Дарвийнхан, Тонхилынхон урианхай нар юм бол тийм бичиг энд байхыг үгүй гэх газаргүй. Ховдын Дарвийнхан өөрсдийгөө олхнунуд гэдэг дээ. Иймд урианхайн бичээс Дарвийн нурууны энэ хэсгээр байж магадгүй гэх бодол надаас салахыг болив. Чингээд энэ тухай Батсуурьтаа хэлж “Чи миний захисныг биелүүлдэг дээ. Танай түүхийн нэг хэсэг хадан дээр бичээстэй бий гэсэн шүү. Түүнийг олохыг бодоорой” гэж албатай юм шиг даалгалаа.
Тэгтэл “Буудал дээр ирлээ” гэж Батсуурь тунхаглав. Хөх булгийн хавцлын аманд иржээ. Өгсөх зам тун ч бартаатай гэнэ. “Алтан босгоор чинь алхаж, мөнгөн босгоор чинь мөргөж ирсний учир гэвээс...” гэж сүрлэг хавцалдаа шивнэн залбирлаа. Уг нь эндхийн урианхай нар бэр гуйх үгээ ингэж эхэлдэг юм байна л даа. Би зургийг нь гуйж яваа учир үүнийг хэлэхэд яагаад болохгүй гэж. Чингээд хэд алхлаа. Хотоос гарахад цавь руу хатгах маягтай байсныг хэлэх үү, өглөө өөрийнхөө хөлд бүдэрч унасны дараа нөгөө өвчин нь бүр нэмэгдсэнийг хэлэх үү, алхахад тун ч хэцүү юм болох нь дээ, хүрч чадах болов уу? Энд ирчихээд хүрч чадахгүй бол ёстой яршиг л байна гэж шүд зуулаа. Чингэтэл хоцорч хөдөлсөн залуучууд маань давхилдан ирлээ. Миний баярлаж байгааг ээ! Тэгээд Болдын хүү Цэнд-Аюушийн араар сундалж авлаа. Гуравхан өдрийн өмнө уг зургийн тэрүүгээр явсан залуу бол энэ хүү. Мөн зургийг анх үзэгсдийн нэг. Тэгээд явж ч шальсангүй ээ. Хэвтээ үхрийн чинээ бул чулууд хөндөлсөнө. Үүгээр явган гаралгүй болохгүй. Буулаа. Нөгөө хэд мотоциклоо бархируулан бархируулан зүтгүүлнэ. Молхи би догонцон догонцон зүтгэнэ. “Чонын анчин Рааш” нуруугаа үүрээд хэнэггүй алхана. Уулын анчин хүн хөл чангатай байлгүй ч яах вэ! Бодвоос тэмээний шийр шиг байгаа биз! гэж инээд хүрэх. Өөрөө ядаж явж бас хүнийг шоолох. Бул чулуун дундуур мацаад буцаж мотоциклдоо сууцгаалаа. Хэсэгхэн яваад үхрийн дайны чулууд дахиад л тээглэлээ. Үүгээр бол хоёр дугуйт унаагаа өргөж гаргахаас аргагүй гэнэ. Хамт өргүүлэлтэй биш буулаа. Тэнд тэд маань унаа хүлгээ дамжлах, өвгөн намайг дамнах! Бөөн л юм болох! Хөрлөсөн цас өвдгөөр шахам татна. Хөглөгөр чулууд өмнүүр “хөшилдөнө”. Хамгийн хэцүү “даваа” энэ гэнэ. Үүнээс цааш бол гайгүй гэнэ. “Болтугай” гэж байрыг гадарласан би ханцуй дотроо залбирав. Тэгээд мотоциклдоо дахин мордлоо. Огцом огцом ганга жалга уруудан өгсөн харин нэлээд явлаа шүү. Бээлийгээ мартсан миний хувьд гар бээрэн мэдээ алдах шахаж байх шиг. Шар торго дэвссэн юм шиг дэрсэн шагшуурга өнгөрлөө. Тэд нар үүнийг “шагшрага” гэж нэрлэх юм. Чингээд үүнээс цааш мотоциклоор явахгүй гэлээ. Хэр хол вэ гэж зүрх үхэсхийн асуулаа. Гайгүй ээ, ойрхон гэх. “Гайгүй” гэдгийн цаана ч... Одоо мөлхөхөөс биш яах вэ! Тэд маань намайг арай ч мөлхүүлсэнгүй. Гараас татлаа. Бөгснөөс түлхлээ. Мөрнөөс чангаалаа. Цээжнээс чирлээ.
Тэгсэн нь юу вэ. Үлгэрийн юм шиг зураг нүдний өмнө дэлгэгдэх нь тэр. Хүрхрээний ус молцоглон хөлдөөд болор унжлага мэт гялтганана. Болор унжлагын хоорондуур нарийхан мөнгөн ус салаалан садарч, сувдран гялалзана. Улаан хүрэн дэвсгэр дээр мөсөн болор, усан молор өнгө булаалдан байна гээд л бодчих. Бид ч энэ рашаанаас хүртэхийн дээдээр хүртлээ. Тэгтэл Батсуурь маань “Дээшээ уг нь ойрхон, тэгэхдээ бүр хэцүү. Та өвчин намдаадаг эм байвал хүртчихгүй юү” гэж байна. Авч явсан аналгин хэмээх янгийн эмээ хоёр давхарлаад хүртэж орхилоо. Тэгээд авирлаа даа. Авирахгүй гээд яах билээ. Эм маань нөлөөлөв үү, хэцүүг харин ч давгүй давах шиг. Тэгтэл түрүүлж агуйд хүрсэн Батсуурь маань даллаж байна. Сэтгэл яаравч хөл үл яарах. Цас тулах. Чулуу тээглэх. Арайхийж хүрвэл Батсуурь “Хоёр алхаад нэг амардаг байсан та зураг харагдлаа гэхээр хорь алхахдаа амарсангүй шүү” гэж дамшиглаж байна. Зүүдлэх шахаж асан зураг минь. Олох сон гэж олон жил мөрөөдсөн зураг минь. Эртний хүмүүс алгаа хаданд наалдуулж байгаад улаан зосоор шүршсэн юм уу гэмээр. Би л улаан гээд байгаагаас бус, цагаан алга л даа. Хуруу нь маш цэвэрхэн. Үнэхээр уран зураг! Түүхийн дурсгал, урлагийн бүтээл, шүлгийн сэдэв. ХХ зууны гаргуун найрагч Н.Нямдорж нөхрийн минь
Хурууны минь хээ
Хувиршгүй.
Алганы минь хээ
Арилшгүй.
Миний хээ
Минийх... гэсэн шүлгийн мөр өөрийн эрхгүй сэтгэлд халгин бууж байна. Мөн миний дээр нэр цохсон хобрай эрдэмтэн өөрийн олсон алганы хээг 30 000 мянган жилийн өмнөх гэж тайлаад, эртний хүн “Би энд байсан” гэж хэлэх гэж оролджээ хэмээн бичжээ. Алганыхаа хээг үлдээсэн манай дээдэс ч “Бид энд нутаглаж байсаан” гэж бидэнд хэлэх гэжээ гэхэд хилс болохгүй. Чингэхлээр бие биеэ хуулчихсан юм шиг адилхан эдгээр зураг 30 000 жилийн өмнөх гэж бардаагаар хэлж болно. “Алганы минь хээ арилшгүй. Бидний хээ биднийх” гэж зосоор зурсан эртний зураачид маань бидэндээ хэлсэн юм биш үү? Тэгвэл сүмбэн хуруу, урт бугуйт хуруу хоёрын доохонтой нь эвэртэй ч юм уу, эсвэл хоёр дэрвэгэр антентай ч юм уу, урт хүн төрхтнийг (humanoid) сарвагар гурван хуруут хоёр гараа тохойгоор доош нугалан дэвсэн, бас гурван хуруу бүхий хөлөө өвдгөө тахийлгасан байдалтайгаар сондгойхон зуржээ. Бас ичрэгээ унжуулсан гээч. Ийм зураг ганц байна. Энэ хэн бэ. “Хиргүй охин тэнгэрийн судар” гэдэг манай эртний маш сонин номд монгол хүн Алтайд тэнгэрийн охинтой нийлснээр анх үүссэн гэж бичсэн нь дотор зурсхийгээд л бууж байх юм. Хачин аа! Хадны сийлмэл зурагт ийм дүрс зөндөөн л дөө. Гэхдээ гурван хуруут гарыг олонхдоо тохойгоор нь дээш нугалснаар дүрсэлсэн байдаг. Энд бол доош нугалснаар зурснаараа онцлог юм. Энэ тохиолдол уу. Мөнөөхөн дурдсан хоёр алганы дээр хоёр хүн дүрсэлжүү гэлтэй. Нэг нь урт хоёр хөлөө алцайн зогсоо, нөгөө нь баруун хөлийн өвдгийг нугалан зогсоо ийм хоёр хүн. Харин зураг бүдгэрчээ. Сая дурдсан гурвыг зосоор хүрээлж, цагаанаар үлдээсэнгүй, шууд зосоор зурсан байна. Ер зосон зураг 50-40 000 жилийн өмнөх гэж молхи би “Зосон зургийн хойноос жаран гол гатласан аян” номдоо дурдаж л байсан. Дэлхийн хоёр бөөрөнд шахам байсан эртний хүмүүс ингэж адилхан сэтгэх гэж.
Алганы хэмжээ яг өдгөөгийн биднийх шиг аж. 14 зураг байна. 12 нь зөв гарын алга, хоёр нь солгой гарынх. Нэгнийх нь бугуйг нэлээн урт дүрсэлж. Харин солгой алганы хүрээ хөхөвтөр өнгөтэй юм. Цагийн эрхээр зосны найрлагад өөрчлөлт оров уу. Эсвэл хөхөвтөр зосоор шүршив үү. Энэ нь нууц хэвээр. Тийм ээ, бид төмөр хулгана жилийн намрын адаг улаан нохой сарын улаан тэргэл өдөр улаан хадат Монгол Алтайгаасаа улаан зосон зураг оллоо. Дөрвөн улаан давхцаад л... Бэлгэ зохирох гэж энэ биш үү. Чингэхдээ монгол нутгаас анх удаагаа шүү. Найрлага гэснээс өнөөдөр хүртэл зосон зургийн найрлагыг бүрэн тогтоогоогүй байсан. Миний бие дээр дурдсан номоо бичихээр аялж явахдаа зосон зурагтай чулууны өчүүхэн хэлтэрхий хуурч газар унасныг олж, найрлагыг нь тогтоолгохоор шинжилгээнд өгсөн билээ. Шинжээчдийн дүгнэлтийг номдоо хавсаргасан л даа. Хариу нь юу гэж гарсан вэ гэхээр “...Уг шинжилгээгээр төмрийн болон кальцийн агуулга өндөр хувьтай илэрсэн нь органик хэсэгтэй холбогдсон будгийн үндсэн элемент байх магадлалтай юм. Учир нь төмрийн болон кальцийн ион нь улаан болон улаан хүрэн өнгийн будагч бодисын найрлагад элбэг тохиолддог...”, “Гэвч рентген дифрактометрийн шинжилгээ зөвхөн органик биш эрдсийн багажийн мэдрэх түвшинд тодорхойлдог тул будгийн бодисын органик хэсгийг илрүүлэх боломжгүй болно” гэсэн дүгнэлт хийсэн юм. Гэтэл Оросын РЕН телевизийн “Хамгийн цочирдуулам таамнал” нэвтрүүлгээр “Энэтхэгт зосон зургийн найрлагад хүний цус орсныг нээлээ” гэж ойрмогхон зарлалаа. Гайхалтай, тэгвэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын байгаль хамгаалагч Амарсанаа “Зосыг эмэгтэй хүний ихсийн цусаар найруулдаг байсан юм гэнэ билээ” гэж нэг хуучилсан. Мөн 18-тай бүсгүйн “сарын тэмдэг”-ээр найруулдаг гэсэн яриа ч бий. Эдгээрийг домог төдий гээд судлалгүй үлдээж байсан. Тэгвэл энэ нь манай дээдсийн, өөрөөр хэлбэл, хаданд алганыхаа хээг үлдээсэн тэр дээдсийн маань бидэн рүү “хашхирсан” алсын цуурай зуун зуун, мянган мянганыг дамжсаар мэдлэг мөхөс өнөөгийн бидэнд домог маягаар хүрч иржээ гэж бардаагаар хэлж болох нь ээ. Энэ гайхамшгийг олж нээхэд тусалсан Батсуурь, Алтансоёмбынхон, ер бүх нөхдөд гялайн талархсанаа сэтгэлийн цэнхэр хадгаар илэрхийлэл болгосу.
Ар Монголын хавтгай дээрээс ахиад ийм зураг олдохыг хэн байг гэлээ. Тэнгэр тулам өндөр Алтайн түмэн нугачаа атираан дунд тийм гайхамшигт зураг хэчнээн нуугдаж байгааг хэн мэдлээ гэснээр улиглаж нуршсан энэ тэмдэглэлээ түр цэглэсү.
Г.Аким: Соёлын гавьяат зүтгэлтэн