УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Асгатын мөнгө, Зүүн цагаан дэлийн жоншны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Улмаар ажлын хэсэг байгуулж, гишүүн Т.Аубакир ахлахаар болов. Хуралдааны үеэр зарим гишүүний илэрхийлсэн байр суурь, албаны хүмүүсийн өгсөн хариултыг хүргэж байна.
Г.Тэмүүлэн (УИХ-ын гишүүн): -Улиг болтлоо яригдсан сэдэв. Зарчмын хувьд ашиглах нь зөв. Бүс нутагтаа 500 хүний ажлын байр бий болгоно гэж тооцдог. Үнийн хувьд хэр бодитой таамагласан бэ. Тийм ч сайн үнэ биш байна. Өнөөдөр мөнгөний ханш 15 ам.доллар байгаа. Та бүхэн 2030 онд 18 ам.доллар байхаар төсөөлжээ. Мөн Орос, Америк, Австралийн компаниудаас санал ирүүлсэн юм байна. Хоёр улсын хил дамнасан, байршил, геологийн тогтцын хувьд хэцүү орд ч Оростой хамтрахаас өөр сонголтгүй гэж бид ярьж ирсэн шүү дээ. Хойд хөрштэй ямар түвшинд ойлголцоод байгаа юм бол. Стратегийн орд газар учраас манай Засгийн газрын оролцоо ямар байх юм бэ. Ашиглалтын өртөг өндөртэй энэ ордыг Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-ийн дагуу 50 хүртэл хувийг улс эзэмшихээр байгаа. Манайх эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх үү, татвараа өсгөх үү. Татвараа нэмэгдүүлчихвэл олон төрлийн зардал, ашиг, үр өгөөж бидэнд хамаагүй болно шүү дээ. Бидний хувьд илүү амар хувилбар сонгосон нь зөв байх.
Г.Ёндон (Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд): -Дэлхийн банкнаас гаргасан үнийн таамаглалыг ашигласан. Хамтран ашиглаж байгаа компаниуд ч энэ талаар нэлээд судалгаа хийсэн байна лээ. Ашигтай байгаа учраас хамтран ажиллах санал тавьж байгаа болов уу. Баяжуулалтын технологийг хэн эзэмшиж байгаа нь л энэ ордыг ашиглах нь зүйтэй. Уг ордыг ашиглах ажил хойшилж ирсэн хоёр шалтгаан нь дэд бүтэц муу, баяжуулалтын технологи шүү дээ. Геологийн суурингаас орд руугаа очиход дахиад л Оростой дэд бүтцийн талаар ярих шаардлага тулгарна. Яах аргагүй бид Оросын талтай л хамтарч ажиллах боломжтой. Уг нь 2006 онд Оросын “Полиметалл” компанитай уг төслийг хамтран эхлүүлэхээр байсан. Одоогоор тус компани руу захидал бичсэн ч хариу ирүүлээгүй байна. Америкаас санал тавьж байгаа нь Орост ажиллаж, амьдарч байсан, АНУ-ын иргэншилтэй, еврей хүмүүс юм билээ. Тэд Казахстанд нэлээд хөрөнгө оруулалт хийсэн туршлагатай. Тиймээс ч ОХУ, Казахстанаар дамжуулан тоног төхөөрөмж, хангамжаа авах нь эдийн засгийн хувьд ашигтай гэж үзэж байгаагаа хэлсэн. Мөн манай хөрөнгө оруулалтын орчныг судалсан гэдгээ хэлж байгаа. Энэ хувилбарыг илүү боломжийн гэж үзсэн. Хамгийн түрүүнд гадаадын хөрөнгө оруулагчтай хамтарсан компани байгуулж таарна. Ямар хувилбараар ажиллахаа тухайн үед нь хөрөнгө оруулагч нартай ярилцана.
Г.Тэмүүлэн (УИХ-ын гишүүн): -Хөрөнгө оруулагч нартай ярилцахад бидний байр суурь тодорхой байх ёстой. Магадгүй ашгийнх нь тал хувь нь үйл ажиллагааныхаа зардалд зарцуулж мэдэх ийм ордыг ашиглахдаа татвараа л аль болох өндөр тавих замаар хамтрах нь бидний хувьд зөв шүү.
Ж.Батжаргал (УИХ-ын гишүүн): -Урьдчилсан ТЭЗҮ-д ашигт үйл ажиллагааны талаар ямар мэдээллүүд байна вэ. Нөөц нь хэр нэмэгдэхээр байгаа юм бэ. Нөхөн сэргээлт, хаалтын зардал нь ямар хэмжээтэй гарах бол. Татвараа нэмэх хувилбар боловсруулсан уу. Үр өгөөжийг нь шууд хүртэж эхлэх нь зүйтэй.
Г.Ёндон: -Мөнгөний нөөц нь 6.8 мянган тонн хүрэх таамаг бий юм билээ. Одоо батлагдсан нөөцөөр мөнгөнийх нь 2247 тонн. Гэхдээ таамаг нөөц нь тэр бүр хэмжээндээ хүрдэггүй. Төрийн эзэмшлийн хувь байх, эсэх талаар тантай санал нэг байна.
Г.Ганболд (“Эрдэнэс Монгол” компанийн санхүү хариуцсан дэд захирал): -Манайх энэ ордын бүхий л бичиг баримтыг өнгөрсөн онд “Монголросцветмет”-ээс шилжүүлэн авсан. Ингээд 1998 оны ТЭЗҮ-д үндэслэн 2019 онд шинэчилсэн. Хөрөнгө оруулалт нь 127.3, борлуулалтын орлого 318.1, үйл ажиллагааны зардал 256.1, цэвэр ашиг 197.1, татвар, хураамж 241, мөнгөн урсгал 178 сая ам.доллар, өгөөж өгөх хугацааг 11 жил байхаар тооцсон. Гэхдээ энэ бол өмнө хийсэн ТЭЗҮ-ийг өнөөгийн үнэ цэнээр хөрвүүлсэн хувилбар. Бид ТЭЗҮ-ийг шинээр боловсруулж байгаа. Хөрөнгө оруулалтыг 60:40, төрийн мэдлийн 51:49 хувь, бүхэлд нь төрд авах гэсэн гурван хувилбараар тооцож үзсэн.
Г.Ёндон: -Баяжуулалтын янз бүрийн хувилбар бий. Мөнгөний хан баяжмалыг Асгатын уурхай дээр эхний ээлжид хөвүүлэн баяжуулаад, Ногооннуур сумд тээвэрлэн авчирч, тэндээ металлургийн хувьд ялгана гэж одоогоор ярьж байгаа. Америкийн талын саналыг сонсоход үүнд томоохон хөрөнгө оруулалт шаардагдана. Цахилгаан дамжуулах шугам, металлургийн үйлдвэр барьж, цаашлаад Хотгорын нүүрсний уурхайд түшиглэн дулааны станц барих цогц төслийн хүрээнд 600 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулна гэсэн урьдчилсан саналыг бидэнд ирүүлсэн. Энэ бол өмнөх ТЭЗҮ-д байгаагүй том тоо. Хэлцлийн явцад өөрчлөгдөх байх.
Г.Ганболд (УИХ-ын гишүүн): -Манайхан өөрсдөө ТЭЗҮ хийж чадах уу?
Д.Хаянхярваа (“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал): -Асгатын мөнгөний ордын төслийн тухайд нэлээд нарийн, тодорхой ярих түвшинд хүрээгүй байна. Холбогдох судалгаа, тооцоог нэлээд эртнээс хийж эхэлсэн ч цаг үедээ тааруулан шинэчлэх шаардлагатайг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Засгийн газар энэ оны зургадугаар сард ТЭЗҮ боловсруулах үүргийг “Эрдэнэс Монгол”-д өгсөн. Үүнтэй холбоотойгоор “Iron steel” компаниар урьдчилсан таамаг судалгаа, тооцоо хийлгүүлж байна. ТЭЗҮ хийх чадвартай мундаг мэргэжилтэн, компани Монголд олон бий гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ Г.Ганболд гишүүний хэлсэнчлэн хэнтэй, яаж хамтрах вэ гэдгээс шалтгаалан судалгаа, тооцоогоо илүү нухацтай ярих хэрэгтэй байх. Мөн хэнтэй хамтрах вэ гэдгээ шийдсэний дараа татварын асуудал болон хувь, эзэмшлээ тодорхой болгох нь зүйтэй. Асуудлаа эхнээс нь биш, сүүлчээс нь ярих гээд байгаа юм шиг санагдаж байна.
Т.Энхтүвшин (УИХ-ын гишүүн): Зүүн цагаан дэлийн ордыг гадаадын хөрөнгө оруулагч гэхээс илүүтэй өөрсдөө эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байна уу. Энд баяжуулах үйлдвэр барих уу. Асгатын мөнгөний ордын хувьд татварын зохицуулалтаа боловсронгуй болгох замаар үр ашгаа дээшлүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна.
Б.Мөнхбат (“Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал): -Монголын жоншны салбарт үүцээ нээж буй орд бол Зүүн цагаан дэл. Манайх уурхай болгон дээрээ суурин үүсгэж ирсэн. Энэ ордод 39.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. “Монголросцветмет” ТӨҮГ болсноосоо хойш эрсдэлийн, байгаль орчны болон үйлдвэр хөгжүүлэх сан байгуулсан. 2019 онд 34.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, Зүүн цагаан дэлийн ордыг ашиглах төсөлд 11.8 тэрбум төгрөг зарцуулахаар үйлдвэр хөгжүүлэх санд хуримтлуулсан. Эхний ээлжид 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардаж байгаа ч энэ мөнгийг нэн тэргүүнд боловсруулах үйлдвэртэй болоход зарцуулна. Хөрөнгө оруулалтын 70 хувийг зээл хэлбэрээр гаргана гэж байгаа ч гадаадын байгууллагатай хамтрахгүй, өөрсдөө бие даан авч явна гэж тооцож байгаа. Манай бүтээгдэхүүнүүдийн зах зээлийн үнэ тогтвортой байгаа учраас 2022 онд ч мөн хэмжээний ашиг олох боломжтой.
Ц.Анандбазар (УИХ-ын гишүүн): -Асгатын ордыг та бүхний танилцуулаад байгаа шиг олон улсын компани ашиглах боломжгүй. Америкийн ямар ч компани ирэхгүй. Оросын хил дээрх, дэд бүтцийг нь ашиглаж хэрэгжүүлэх төсөлд хөрөнгөө “шатаах” гэсэн гадаадын компани л оролцоно. Иймд бодитой, тодорхой болгох хэрэгтэй. Судалгаагаа дорвитой хийгээрэй. Стратегийн бөгөөд тогтцын хувьд хэцүү энэ ордыг ашиглахын тулд ОХУ-тай хэлэлцээ хийх замаар ажиллах нь зүйтэй. Хамтын ажиллагааг зөвхөн ашиг харж тодорхойлдоггүй. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны яамтай хамтарч Засгийн газрын түвшинд энэ ажлыг хийх ёстой. Өмнөх оролдлогууд шиг бүтэлгүйтэж болохгүй. Байгаль орчны маш хортой нөлөөллийг нь хэрхэн бууруулах талаар дорвитой судалгаа хийх хэрэгтэй. Та бүхний танилцуулга шаардлага хангахгүй байна.