Өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл яамны удирдлагын багтай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэл өглөө. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 21 томоохон ажил тусгагдсан юм. Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах, Хөвсгөл нуурын экосистемийн бохирдолд эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг гарган авах, ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8,6 хувьд хүргэх, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувийг улсын тусгай хамгаалалтад авах, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон 8 мянга га талбайг нөхөн сэргээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн жуулчдын тоог 1 саяд хүргэх, Мянганы суут хүн Чингис хаан цогцолборын ажлыг цогц байдлаар дуусгах зэрэг олон ажлууд багтсан.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Байгаль орчин, аялал жуулчлалын яам ирэх дөрвөн жилд ХАН буюу хамгаална, зүй зохистой ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн бодлогыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ажиллана. Энэ шинэ зүйл биш. Гол нь хэрэгжүүлэх, хяналт тавих, үр дүнг тооцох чиглэлд эрчимтэй ажиллах шаардлагатай. Агаар, хөрс, усны бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усны хангамж, хариуцлагатай уул уурхай, биологийн олон төрөл зүйл, байдлыг хамгаалах, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох гээд бодлогын чанартай томоохон асуудлууд шил дараалан хүлээж байна” гэдгийг онцоллоо.
Түүнчлэн салбарын сайд хийгдэх ажлууд болон төлөвлөгөө эцэслэн гарсан учир одоо хэрэгжүүлэх ажилд цаг алдалгүй орж, шуурхай хийгээд бүтээмжтэй ажиллахыг газар, хэлтсийн удирдлагуудад үүрэг болгосон юм.