Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долдугаар сард ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын ахлах мөрдөгч О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, ШШГЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч Э.Өлзийбаяр, ТЕГ-ын ахлах мөрдөгч О.Бархасбадь, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг таван өдрийн турш хэлэлцсэн юм. Улмаар О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгаж, бусад албан тушаалтныг гэм буруутайд тооцон 1-3 жил хорих ял шийтгэснийг бид мэдээлсэн. Тэднийг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон хохирогчийн эхнэр Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн үндэслэлээр буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Гэвч Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх ял шийтгүүлсэн Б.Хурц, Г.Эрдэнэбат, С.Баяр, Ж.Мөнхгал, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр болон тэдний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэлэлцээд 2002 оны Эрүүгийн хуулийн 251.1 дэх хэсэгт заасан нэмэгдэл ялыг оноогоогүй, уг хуулийг буруу хэрэглэсэн, 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 36.2-3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн дээрх заалтад тусгасан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах ялыг хэрэглээгүй, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлт, гомдлыг тухайн албан тушаалтны шийдвэр, ажиллагаанд хяналт тавих албан тушаалтан хүлээн авч, гомдолд дурдсан үндэслэлийг тал бүрээс нь хянаж, шаардлагатай бол нэмэлт баримт гаргуулж, тайлбар авч болно” гэх заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг хангаагүй гэж үзэн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан юм. Ингэхдээ ял шийтгүүлсэн долоон хүнийг хорихоор шийдвэрлэсэн анхан шатны тогтоолын заалтыг хэвээр үлдээсэн.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь тус шүүх ял нэмж оноож болохгүйтэй холбоотой. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1-4-т “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан байдаг. Уг заалтад өмнө нь хүндрүүлж болохоор тусгасан байсан ч Үндсэн хуулийн цэцийн 2019 оны гуравдугаар сарын 13-ны 01 тоот дүгнэлтэд “... хүндрүүлж ...” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг УИХ-ын мөн оны гуравдугаар сарын 26-ны 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүх ял нэмж оноож болохгүйд хүрсэн юм.
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нар энэ хэргийг шийдвэрлэхдээ хуулиа мэдэхгүйдээ оноох ёстой ялыг хэрэглээгүй гэдэгт итгэх хүн ховор гэдгийг олон хуульч хэлж байгаа. Мэдээж дээрх шүүгдэгчдэд холбогдох хэрэг гарах үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Харин хэрэг хянан шийдвэрлэх үед 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуулийн зохицуулалтыг дагахаар болсон. Тиймээс эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зайлшгүй мөрдөх зарчим. Түүнчлэн хэрэг гарах үеийн Эрүүгийн хуулийг хэрэглэх нь үндэслэлтэй. Тэгвэл 2002 оны Эрүүгийн хуулийн 251.1-т “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан, эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар тогтоолоо батлахдаа “...тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” хэмээх хуулийн заалтыг оноогоогүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, дахин хэлэлцэхдээ тулав. Өөрөөр хэлбэл, тус шүүхийн дээрх гурван шүүгч хэт хайнга хандаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх хуульч цөөнгүй байна. Магадгүй зориуд уг зүйл заалтыг нь орхигдуулж, цаашлаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах санаа агуулж байж болзошгүй хэмээн хардах хүн нэг бус бий. Давж заалдах шатны шүүхийн магадлал буюу хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсныг эсэргүүцэх өмгөөлөгч нар гарч ирэх нь зайлшгүй. Тиймээс Улсын дээд шүүхэд хандана. Ингэснээр тус шүүх 30 хоногийн дотор хянаж, хурал зарлан хэлэлцэх ёстой. Тэгээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл дахиад л Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал товлон зарлана. Яг хуралдах болохоор өмгөөлөгч нар элдэв шалтаг хэлсээр хурлыг хойшлуулж, эцэстээ хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах шатандаа орох юм. Тиймээс л Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэглэх ёстой ялыг зориуд хэрэглэлгүй удаашруулах нөхцөл бүрдүүллээ гэж хардах хүн олон байна. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа нь дуусвал Б.Хурц, Г.Эрдэнэбат, С.Баяр, Ж.Мөнхгал, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нар эрүүгийн хариуцлага хүлээхгүй, тэднийг гэм буруутай гэж үзсэн учраас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах үндэслэл бүрдэнэ.
Бэлтгэсэн: Д.Дайчин