Гэгээн цагаан өдрөөр олон нийтийн гудамж, талбайд аав шигээ хүнийг зодож, танхайрч буй залууг хэн нэгэн хориглосонгүй. Галзуу согтуу түүнээс магадгүй айсан байж мэднэ. Харин цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. “Бөхийн өргөөний автобусны буудал дээр 50 гаран насны эрэгтэй хүн бусдад зодуулаад үхлүүт байна” хэмээн 102 дугаарт мэдээлэв. Тухайн үед Бөхийн өргөө орчим үүрэг гүйцэтгэж явсан Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, ахлах ахлагч Г.Энхбат шуурхай ажиллаж, хэрэгтнийг саатуулсан гэнэ. Харамсалтай нь, зодуулсан иргэн хэдийн амьсгал хураасан байжээ. Цагдаагийнхан хэргийн мөрөөр ажиллаж Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны харьяат Г.Манлайбаатараас мэдүүлэг, тайлбар авчээ. Тэрбээр иргэн У-тай хамт архидаж, улмаар маргалдан нүүрэнд нь гурав, хэвлийд нэг удаа өшиглөж, зэрлэгээр амийг нь хөнөөсөн байна.