Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өнгөрсөн баасан гарагт өргөн барилаа. Энэ үеэр ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Ойрын хугацаанд ИТХ-ыг хуралдуулж, 2020 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх болно” гэсэн юм. Түүнчлэн энэ өдөр тэргүүлэгчид хуралдаж, ИТХ-ын ээлжит бус анхны хуралдааныг энэ сарын 12-ны 10.00 цагт хуралдуулахаар товлолоо. Тус хурлаар хороо, дэд хороог байгуулах аж. Нийслэлийн ИТХ үндсэн чиг үүргээ хороодоор дамжуулж гүйцэтгэдэг. Нэг төлөөлөгч хоёр хүртэлх хороонд ажиллах боломжтой. Өнгөрсөн дөрвөн жилд ИТХ таван хороо, есөн дэд хороотой ажилласан. Тэгвэл ирэх дөрвөн жилд Хүний хөгжлийн, Эдийн засаг, төсвийн, Засаглал, эрх зүйн шинэтгэлийн, Байгаль орчны, Хот байгуулалтын болон Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороотой ажиллах санал дэвшүүлээд байгаа юм. Эдгээр нь 16 дэд хороотой байх юм.
Үүнээс гадна Ерөнхийлөгчийн захирамжаар Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх талаар хэлэлцэн, холбогдох арга хэмжээг зохион байгуулах тогтоол баталжээ. Богдхан уулын тэнгэрийг өнөөдөр тайх юм.
Бэлтгэсэн: Б.Уран