-Ажилтнаа дарамталж бууг нь хахуульд авсан захирлын хэргийг хаажээ-
Монгол Улсын нутагт дэвсгэрт хууль нэг мөр үйлчлэх ёстой. Харамсалтай нь, УИХ-аар баталж, орон даяар хэрэглэж буй хуулийг өөрсдийнхөө үзэмж, эсвэл танил тал, нутаг нугынхандаа зориулж өөрөөр тайлбарлан хэрэглэх тохиолдол гарч байна. Үүний бодит жишээг дор дурдъя. Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2-1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана” хэмээн заасан. Гэтэл Увс, Баян-Өлгий аймгийн шүүх нэгэн албан тушаалтны холбогдсон хэргийг өөр өөрөөр шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчит “СУАТ” компанийн захирлаар 2016 онд А гэх хүн томилогдсон аж. Уг албан тушаалд очмогцоо хууль бус шаардлага тавьж, өөртөө ашигтай шийдвэр гаргуулахаар ажилтнууддаа хандаж, “Ажлаас хална шүү, халагдахгүй гэвэл мөнгө өг” гэх байдлаар 3-5 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм байна. Энэ тухайгаа нэг ажилтан нь “Ажилтайгаа үлдэхийн тулд таван сая төгрөгөөр худалдаж авсан дурантай, ангийн СКС буугаа сумных нь хамтаар А захиралд 2017 оны гуравдугаар сард хахууль болгон өгч, гэрчилгээг нь түүний нэр дээр шилжүүлсэн. Ингэснээрээ ажлаасаа халагдалгүй үлдсэн” хэмээн хууль сахиулагчдад ярьсан гэнэ. Ангийн бууг нь хахууль болгож авсан А захирал тухайн ажилтнаа нэг хэсэг ажлыг нь хийлгэж байгаад 2018 оны дундаас “Чи надтай үзэл бодол таардаггүй, үгэнд ордоггүй хүн байна” хэмээн дахин дарамталсан гэнэ. Харин ажилтан нь сайн дураараа хууль, шүүхийн байгууллагад хандаж А захиралдаа хахууль өгснөө мэдэгдсэнээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Ингээд хэргийг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр Улсын дээд шүүхээс харьяалал тогтоож өгчээ. Улмаар тус шүүхээс Баян-Өлгий аймгийн нийтийн ахуйн үйлчилгээний “СУАТ” компанийн захирал Ж.А-ийг хясан боогдуулж бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцон ял шийтгээд, хэргээ сайн дураараа илчилсэн ажилтныг нь цагаатгасан байна. Гэвч А болон түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгаж чаджээ. Төдөлгүй уг хэргийг Увс аймаг дахь сум дундын шүүхээр дахин хэлэлцүүлбэл ял шийтгүүлэх юм байна гэж үзсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрынхан хөрш аймгийнхаа шүүх рүү хэргийг шилжүүлсэнгүй. Өөрийн аймгийн шүүхээр хэлэлцүүлж, ангийн буу хахуульд өгсөн ажилтныг А-д гурван сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан гэх үндэслэлээр ял шийтгэжээ. Тэгсэн атлаа А-ийг хахууль авсан талаар шүүхийн шийтгэх тогтоолд огт дурдаагүй аж. Түүгээр ч зогсохгүй Баян-Өлгий аймгийн Прокурорын газрынхан А-д холбогдох хэргийг шүүхээр хэлэлцүүлэлгүй дундаас нь хэрэгсэхгүй болгочихсон байх юм. Хамгийн ноцтой нь уг хэрэгт зуучлагчаар оролцсон хуулийн байгууллагын ажилтан, өдгөө Ховд аймгийн шүүхийн шүүгчээр дэвшин томилогдоод байгаа нэгэн эрхэм Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхдээ нөлөөлж баз хүргэн А-ийг эрүүгийн хариуцлагаас мулталж, сайн дураараа хэргээ хүлээсэн ажилтныг нь хахууль өгөхийг завдсан гэм буруутайд тооцуулсан хэмээн орон нутгийнхан нь ярьж байна. Тиймээс Монгол Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын холбогдох албан тушаалтнууд энэ хэргийг дахин магадалж, өөрсдийнхөө байгууллагын буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хэргийг үнэн, зөвөөр шийдэхийг хүсэж буй юм.
Авлигын дагнасан шүүх байгуулах талаар эрх мэдэлтнүүд үзэл бодлоо нэгтгэж, хууль тогтоогчдоор шийдвэрлүүлэхгүй бол цагаан захтнуудын хэрэг энэ мэтээр танил тал, нутаг нугынхнаа хаацайлсан шийдвэр гаргасаар байдаг талаарх иргэдийн шүүмжлэл бодитойг дээрх явдал харуулав.